Ангела Меркелийн тэргүүлсэн консерватив нам сонгуульд ялалт байгууллаа

Өнгөрөгч ням гаригт ХБНГУ-ын Канцлерийн болон парламентын нэгдсэн сонгуулийн санал хураалт явагдаж, сонгуулийн урьдчилсан дүнгээр Ангела Меркель дөрөв дэх удаагаа Канцлер-аар сонгогдож, түүний тэргүүлсэн консерватив Христийн Ардчилсан Нам мөн парламентад хамгийн олон суудал авснаар энэ удаагийн сонгуульд давхар ялалтыг байгуулаад байна.

Хэдийгээр Ангела Меркель болон түүний тэргүүлсэн Христийн Арчилсан нам сонгуульд давхар ялалт байгуулсан ч тус намын хуучин хамтрагч улс төрийн хүчнүүд сонгуульд ялагдаж, ихэнх суудлаа хэт барууны үзэлт Германы Альтернатив намд алдсанаар эрх баригч намд шинэ засгийн газар байгуулахад нилээд хүндрэл учруулахаар болоод байна. Христийн ардчилсан нам энэ удаад урьдчилсан дүнгээр нийт саналын 33 хувийг авч ялалт байгуулаад байгаа бол гол өрсөлдөгч болох Мартин Шульцийн тэргүүлсэн Социал демократ нам 20 орчим хувийн саналыг авч хоёрдугаарт бичигдээд байна. Харин энэ удаагийн сонгуулийн хамгийн том ялалт нийт сонгогчдын 13 хувийн саналыг авч, саналынхаа тоогоор гуравт бичигдсэн Алис Вайделийн тэргүүлсэн хэт барууны үзэлт Германы Альтернатив намд очиж байна. Учир нь тус нам анх удаагаа ХБНГУ-ын парламент буюу Бундестагт суудалтай болж байгаа нь энэ юм. Тус нам гадны дүрвэгсдийг хүлээн авахын эсрэг мөрийн хөтөлбөрийнхээ ачаар ийнхүү парламентад суудалтай болоод байгаа нь Германы ард түмний зарим хэсэг нь цагаач, дүрвэгсдийн “их нүүдлийг” эсэргүүцэж байгаа гэдгийг харуулсан үйл явдал боллоо.

Мөн хэт барууны, үндсэрхэг нацист үзэлтэй нам Германы парламентын сонгуульд авсан саналынхаа тоогоор гуравт бичигдэж, парламентад суухаар болсон явдлыг эсэргүүцсэн жагсаал Берлин хот дахь тус намын гадна талбайд ням гаригийн орой зохиогдсон байна. Энэ үеэр жагсагчид тус намын гишүүдийг “нацист гахайнууд” хэмээн хашгичиж, намын байр луу элдэв зүйл шидэлсэн бөгөөд хэдэн арван хүн баривчлагдсан байна. Сонгуульд арайхийн ялалт байгуулсан гэгдэж байгаа Ангела Меркелийн Христийн Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар авсан саналын тоогоороо түүхэн доод хэмжээг тогтоогоод байгаа бөгөөд дэмжигчдийнхээ итгэл найдварыг буцааж олж авахын тулд засгийн эрхийг барих ирэх 4 жилийн хугацаанд өөрийгөө дайчлан ажиллах болно гэж Ангела Меркель хэлсэн байна. Одоо тус нам 30 хоногийн дотор багтаан шинэ засгийн газар байгуулахын тулд Чөлөөт демократууд болон Ногооны намын аль нэгтэй нь эвсэх сонголтыг хийх ёстой болоод байгаа юм. Учир нь засгийн газар байгуулахын тулд эрх баригч нам, эвсэл Бундестаг-т тал хувийн суудлыг авсан байхаар тус улсын хуулинд заасан байдаг байна.

Сэтгэгдэл үлдээх