АНУ-аас Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа өгнө

~АНУ-аас Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа өгнө~

Энэ сарын 12-ны өдөр Сингапурын Сентоза арал дээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох эхний түүхэн алхам хийсэн АНУ, БНАСАУ-ын дээд уулзалт болсон. Дээд уулзалтын үр дүнд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзахаа АНУ-ын Ерөнхийлөгч Трампад төдийгүй дэлхий нийтэд амласан. Тиймдээ ч олон улс Умард Солонгосыг анхааралтай ажиглаж байна.

Гэвч хиймэл дагуулын зургууд Умард Солонгосын “Ионбен” цөмийн байгууламжид дэд бүтцийн ажлууд хийгдэж байгааг батлан харууллаа гэдэг мэдээлэл Пхеньяны амлалтад эргэлзэхэд хүргэж эхэллээ.

АНУ-ын Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийн дэргэдэх АНУ, Умард Солонгосын хүрээлэнгийнхний арилжааны хиймэл дагуулаас авсан зургуудыг Солонгосын хойгийн мэдээллээр дагнадаг “North 38” нийтэлсэн байна. Хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийхэд Умард Солонгос “Ионбен” дахь реакторыг хөргөх зориулалтаар шинэ шахуургат төхөөрөмж барьж байгаа бололтой байна.

Мөн “Ионбен” дахь аж үйлдвэрийн зориулалттай бусад хэсэг дэх туслах байгууламжуудад ч барилгын ажил хийгдэж байгааг харж болохоор байна. Гэхдээ плутонио ялгаж авахад ашиглагддаг радиохимийн лаборатори нь ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Харин хиймэл дагуулын зургуудаас энэ лабораторитой холбоотой дулааны цахилгаан станц ажиллаж байгаа нь харагдсан байна. Хиймэл дагуулын зургууд бүхий энэ мэдээлэлтэй холбоотойгоор АНУ-ын хэвлэлүүд Умард Солонгосыг дээд уулзалтын үр дүнд хүрсэн тохиролцоогоо зөрчлөө. Цөмийн төвдөө шинэчлэлийн ажил хийж байна гэж тодорхойлж байна.

Сингапурт болсон түүхэн уулзалтын үеэр хоёр удирдагч АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичигт гарын үсгээ зурсан. Энд үндсэн дөрвөн зүйл, заалтын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн байсан. Хамгийн гол тохиролцоо үр дүн бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үүрэг амлалтыг Умард Солонгосын тал авлаа.

АНУ-ын талаас Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхөөр боллоо. Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг нэн даруй эхлүүлнэ гэж амласан. Хоёр тал тун ойрын хугацаанд Гадаад хэргийн сайд нарын түвшний яриа хэлэлцээгээ хийхээр тохиролцсон ч одоогоор ийм уулзалт хийгдээгүй байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх