АНУ-д цагаачлах хүсэлтэй Африк иргэд олноороо саатуулагджээ

Техас дахь Дель Рио хилийн эрүүл хамгаалалтын хэсэгт л гэхэд тавдугаар сарын 30-наас хойш 500 гаруй африк цагаач ирсэн байна.

Энэ тухай хилийн эргүүл хамгаалалтынхан “Хүмүүнлэгийн хямрал болж байна” хэмээн мэдэгджээ. Цагаач дүрвэгчдийн ихэнх нь Ангол, Камерун, Бүгд найрамдах Конго улсаас гэр бүлээрээ явж байгаа хүмүүс байна.

Зөвхөн тавдугаар сарын 30-ны өдөр Африкийн улсуудаас 116 хүн Америкийн өмнөд хил дээр ирсэн байна. Америкийн хилийн эргүүл хамгаалалтын газрын гүйцэтгэх комиссар Жонн Сандерсийн хэлснээр тус агентлаг одоогоор 19 мянга орчим хүнийг саатуулаад буй юм байна.

“Урьдчилан саатуулах газарт 4000 хүн ирэхэд саатуулагчдын тоо өндөр байна гэж үздэг. 6000 болоход нь хямрал гэж тооцдог. Харин одоо бид 19 мянган хүнийг саатуулаад байгаа. Графикт тусгаснаас хэтэрсэн гэсэн үг” хэмээн албаны хүн тайлбарлажээ.

Өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын өмнөд хил дээр 144 мянга гаруй хүн ирсэн нь дээд үзүүлэлт болсон байна. Үүнээс гадна цагаач дүрвэгчдийн дундаас зургаан хүүхэд урьдчилан саатуулах газарт байхдаа нас баржээ.

Сэтгэгдэл үлдээх