АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээ хүчин төгөлдөр болов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Фатима Сумартай цахим уулзалт хийв.

Талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд 2018 оны 7 дугаар сард байгуулсан Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх Хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-нээр хүчин төгөлдөр болж байгаа энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан харилцан баяр хүргэв.

Сайд Б.Батцэцэг Компакт гэрээг хүчин төгөлдөр болгоход Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүрэг, тавигдсан болзолт нөхцөлүүдийг биелүүлж, Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн бэлтгэлийг хангаж ажилласныг тэмдэглэв. Улмаар дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй сорилт, бэрхшээлүүд гарсан ч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсны үр дүнд ийнхүү төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөсөн хугацаандаа эхлүүлэх боломж бүрдсэнийг онцолж, энэ бүхний төлөө тууштай хамтран ажилласан АНУ-ын Засгийн газар, МСК-ын удирдлага, хамт олонд талархал илэрхийлэв.

Дэд ерөнхийлөгч Ф.Сумар Мянганы сорилтын корпорацын Хоёр дахь Компакт гэрээ хүчин төгөлдөр болж байгаа нь Монгол, Америкийн харилцаанд тохиож буй чухал үйл явдал бөгөөд энэ нь хамтарч ажилласан бүх талын хүчин чармайлтын үр дүн болохыг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход шаардлагатай бүх нөхцөлийг амжилттай биелүүлсэнд баяр хүргэв. Мянганы сорилтын корпорацын зүгээс Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангах, улмаар Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой энэхүү Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.

Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн ажлууд эхэлнэ. Тухайлбал, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр баригдана. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 64 сая орчим шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

Сэтгэгдэл үлдээх