Байгаль орчны тухай хуулиуд иргэдэд илүү ойлгомжтой болно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Байгаль орчны  салбарын тухай багц хуулийн төслийг хүлээлгэж өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 6 сарын хугацаатай ажиллаж, салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах ажлыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран амжилттай гүйцэтгэсний үр дүнд энэхүү хуулийн төслийг өнөөдөр хүлээлгэж өгсөн юм.Ажлын хэсгийнхэн Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Амьтны тухай зэрэг байгаль орчны салбарын 19 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 142 давхардал, 177 зөрчил, 227 хийдлийг тогтоож, нэгтгэсэн байна.

Хуулийн төслийг хүлээж авах үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Манай салбарын цөөнгүй хууль хоорондоо уялдаа холбоогүйгээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж, маргаан үүсгэх тохиолдол гардаг. Хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулснаар байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болж, маргаан дэгдээдэг асуудал үгүй болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид Байгаль орчны  салбарын багц хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллана” хэмээсэн юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Зургаан сарын дотор нэг салбарын хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, томъёолно гэдэг амаргүй ажил. Энэ ажилд бусад яамыг манлайлан оролцож, туслалцаа үзүүлж ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олонд талархлаа илэрхийлье. Багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Н.Цэрэнбат сайд анхаарч ажиллана гэж хэлсэн учир УИХ-аар батлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх