Беларусь улстай байгуулсан гурван гэрээнд үзэглэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол, Беларусь Улс хооронд байгуулсан гурван гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг батлав.

Тодруулбал, Монгол Улс Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг Беларусь улстай байгуулаад буй юм.

Тус улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах ажил 2014 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сарын 4-нд Минск хотноо байгуулжээ. Гэмт хэрэгт гадаадын этгээд оролцсон эсхүл хэрэг шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг гадаадад гүйцэтгэхэд энэ төрлийн гэрээ томоохон түлхэц үзүүлдэг байна. Монгол Улс одоогоор 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав

Харин Гэмт этгээдийг шилжүүлэх тухай болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг соёрхон батлах хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав

~Беларусь улстай байгуулсан гурван гэрээнд үзэглэв~

Монгол Улс Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг 15 улстай байгуулсан бөгөөд Беларусь Улс 16 дахь орон болж байгаа аж. Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар улс орнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хамтран ажиллах, гэмт этгээдийг шилжүүлэх ажиллагааг хөнгөвчилдөг байна.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулснаар улс орнуудын хуулийн байгууллагууд харилцан туслалцаа үзүүлж, иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг, маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломжтой болдог гэдгийг ХЗДХ-ийн сайд дурдлаа.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд гишүүдийн санал хураахад 71 хувь дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх