Би Пионер биш “Хулиган” байлаа

Дэлхийн нөлөө бүхийн Улстөрчдийн нэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, түүний үзэл бодол, Улс төрийн бодлого болоод хувийн амьдрал нь олны сонирхолыг ихээр татдаг. Жирийн нэгэн үйлдвэрчний гэр бүлээс гаралтай тэрээр Ленинградын хуулийн сургуулийг төгсөж, өөрийн амьдралын гараагаа тагнуулын албанаас эхэлж байсан түүхтэй юм. Тэгвэл уншигч танд эл хүний амьдрал, хүүхэд нас хэрхэн яаж өнгөрсөн талаар мэдээлэл хүргэе

ХҮҮХЭД НАС

В.Путин 1952 оны 10 дугаар сарын 7-нд Ленинград хотод мэндэлсэн байна. Тэрээр бага насаа дурсахдаа “Би энгийн л гэр бүлээс гаралтай.Миний эргэн тойронд үргэлж эгэл жирийн хүмүүс амьдарсаар ирсэн. Одоог хүртэл энэ л холбоог хадгалж үлдэхийг хүсдэг” хэмээн нэгэнтээ ярьсан байдаг. Түүний ээж Мария Ивановна зөөлөн сэтгэлтэй, их эелдэг хүн байжээ. Эднийх даруухан амьдралтай, ээж нь  үргэлж котлет хийн, бин хайрч өгдөг байсан юмсанж. Ням гарагийн амралтын өдрөөр салахын аргагүй амттай махтай, байцаатай, будаатай пирожки хийж өгдөг байсныг нь ч Путин  хожим дурссан байдаг.

Түүнийг жудогоор хичээллэхэд ээж нь дургүйцсэнгүй. Харин бэлтгэлдээ явах бүрт нь дахиад л нөгөө барилдаандаа явах нь уу? хэмээн асууна. Путин жудогоор хичээллэх болсон тухайгаа дурсахдаа “Бэлтгэлээ тарж ирээд гэрийхэндээ хэрхэн хичээллэсэн, ямар мэх шинээр сурсан, яаж амжилтаа ахиулсан гээд өөрт тохиолдсон бүх зүйлийн талаар ярихад гэрийхэн маань анхааралтай намайг сонсдог байлаа. Үүний ачаар гэр бүлийн маань уур амьсгал ч өөрчлөгдсөн” гэжээ. Путины эцэг ахмад дайчин, үйлдвэрийн мастер Владимир Спиридонович. Аав нь 1911 онд Санкт-Петербург хотод төржээ. Дэлхийн 1-р дайны үед Питерт амьдрахад хүндхэн болж, гэр бүлээрээ Тверскийн бүсийн ойролцоох Поминовын тосгон руу нүүснээр тэнд ээжтэй нь танилцаж гэр болсон байдаг. Тэр үед түүний эцэг, эх ердөө л 17 настай байжээ.

ДАЙНЫ ДАРААХ ОН ЖИЛҮҮД

Дайны дараагаар Путиныхан Питерийн жирийн нэгэн нийтийн байранд амьдрах болжээ. Таван давхар, цахилгаан шатгүй нийтийн байраа дайны өмнө амьдарч байсан тал байшингаас нь хавьгүй дээр хэмээн баярладаг байжээ.

“БИ ПИОНЕР БАЙГААГҮЙ ХАРИН ХУЛИГАН БАЙЛАА”

Владимир Путин 1960-1968 онд Ленинградад наймдугаар ангиа төгсөөд химийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай 281 дүгээр сургуульд элсэн оржээ. Хичээлийнхээ эхний цагаас үргэлж хоцордог болохоор өвөл дулаан хувцаслаж ч амждаггүй байж. Түүний дунд сургуулийн багш Вера Дмитриевна Гуревич ярихдаа “Володя 5-р анги хүртлээ тийм ч сайн сурлагатай хүүхэд байгаагүй. Гэвч би түүнд хангалттай ухаан, сэргэлэн зан байгаа гэж үнэлдэг байлаа. Тэр хэл сурах сонирхолтой, ой тогтоолт сайтай хүү байсан. Би түүнээс маш их зүйл гарах боломжтой гэж бодсон юм. Ингээд л түүнд илүү анхаарал хандуулах болж, сахилгагүй хүүхдүүдтэй нийлүүлэхгүй байхыг хичээсэн

Вера Дмитриевна сэргэлэн, ой тогтоолт сайтай энэ хүүг алдахыг хүссэнгүй. Аавтай нь хүртэл уулзаж үзжээ. Гэвч энэ нь тийм ч их тус хүргэсэнгүй. Харин Володя хүү зургадугаар ангиасаа хичээлдээ анхаарах болж муу дүнг сурлагын дэвтрээсээ хасчээ. Удалгүй тэрээр пионерт элсэж, улмаар салааны дарга болжээ. Путин сургуулиа төгсөөд тагнуулын газар ажиллахыг хүсдэг байсан ч удалгүй усан цэрэг, онгоцны нисгэгч гээд түүний мөрөөдөл хязгааргүй байлаа.

Ингээд дунд сургуулиа төгссөн Путин тагнуулын газар ажиллахыг хүсч, ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-н хүлээн авах дээр очиж хэрхэн тагнуулч болох талаар асуужээ. Юуны өмнө армид алба хаасан байх эсвэл ямар нэгэн их дээд сургууль төгссөн байх ёстойг тэд хэлжээ.

Ингээд тагнуулч болохын тулд 1970 онд Ленинградын хуулийн сургуулийг таван жилийн хугацаанд суралцаад төгссөн юм. Их сургуулиа төгсмөгц нь тэр үеийн алдарт ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д түүнийг ажиллуулснаар мөрөөдөл нь биелэлээ олсон юмсанж.

ПУТИН ЗӨВЛӨЛТИЙН ҮЛГЭР ЖИШЭЭ ИРГЭН, СӨРӨГ ТАГНУУЛЧ БОЛЛОО

Путин Зөвлөлтийн үлгэр жишээ иргэн, сөрөг тагнуулч боллоо. Нэг албан тушаалд жилээс илүү хугацаагаар тогтдоггүй, үргэлж дэвшиж байдаг В.Путин нэг л мэдэхэд ЗХУ-ын удирдагчийн албыг богино хугацаанд хашсан Ю.Андроповын туслахаар КГБ-д нэр хүндтэй алба хаших болсон гэдэг. Сургуулийн ширээнээс КГБ-д элссэн залуу тулааны урлагийн бүхий л төрлөөр нарийвчлан хичээллэж, КГБ-ын сөрөг тагнуулын институтэд суралцан Герман хэлд шамдаж байв.

В.Путины албан намтарт дурдагдаагүй хэдий ч тэрээр сөнөөгч онгоц, танк зэрэг бүхий л зэвсэг техникийг гарамгай ашиглаж, ямар ч орчинд хүнд хэцүү даалгавруудыг биелүүлж чадахуйц, шаардлагатай тохиолдолд дээд зэрэглэлийн хорлон сүйтгэх ажиллагааг өндөр ур чадвартайгаар гүйцэтгэхэд суралцаж байсан юм.

Улмаар Герман хэлэнд ус цас болсны дараа түүнийг хилийн чанадад илгээх цаг нь болсон хэмээн үзэв. Тэр үеийн зүүн Герман буюу БНАГУ-ын Дрезден хотноо Зөвлөлт Германы найрамдлын нийгэмлэгт хэлстийн дарга буюу үнэн хэрэгтээ тус улсад үйл ажиллагаа явуулдаг барууныхны тагнуулын ажиллагаатай тэмцэх үйл хэрэгт КГБ-ээс томилогдсон шинэ үеийн супер тагнуулчийн дүрээр ирсэн нь тэр. 1985-1990 онуудад В.Путин зүүн Германд амжилттай ажилласаар байлаа. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи зүүн Германыг хамарч улмаар Орос эх оронд М.Горбачев өөрчлөлт хийснээр В.Путин нутаг буцлаа.

ШИНЭ БҮХНИЙГ ТУРШИЖ ҮЗЭХ НЬ МИНИЙ ХОББИ

Тэрээр самбо жудогоор 11 наснаасаа эхэлж хичээллэсэн бөгөөд түүний хувьд спорт гэдэг амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг. Тэрээр жудогийн Европын холбооны тэргүүнээр 2006 оноос хойш ажиллаж байгаа. Мөн тэрээр уулын спортоор хичээллэж, усанд сэлэх дуртай. Цаг завл гарвал  загасчилахыг илүүд үздэг.

Морь сайн унаж, хоккей тоглох дуртай. Путины нэг сонирхолтой цуглуулга бол машин. Оюутан байхад нь эцэг эхийнх нь бэлэглэж байсан “Волга” маркийн машинаас эхлээд хамгийн сүүлийн үеийн тансаг машинууд ч бий.

ГЭРГИЙ ЛЮДМИЛА АЛЕКСАНДРОВНА

Владимар Путин өөрийн хайрт эхнэр Людмила Александровнатай 1980 онд Ленинград хотод танилцаж байсан түүхтэй. Людмила 1958 оны 1-р сарын 6-нд Калининград хотноо төрсөн ба тэндээ сургуулиа дүүргэсэн аж. Дараа нь шуудан зөөгч, токарьчны туслах, сувилагч, онгоцны үйлчлэгчээр тус тус ажиллаж байж. 1986 онд Ленинградын Их сургуулийг хэл зүйч мэргэжлээр дүүргэсэн боловсролтой нэгэн юм.

Людмила Путина Герман, Испани, Франц хэлтэй. Тэрээр дурсахдаа “Би Калининградаас гурван өдөр нислэгт гарсан. Манай багийнхан хүн цөөтэй байлаа. Ингээд Ленинградад ирсний дараа манай найз охиныг танил залуу нь театрт урьсан юм. Гэвч тэр ганцаараа явахаас зүрхшээгээд намайг хамт авч явсан. Харин нөгөө танил залуу нь театрт өөрийн найз болох Володяг дагуулж ирсэн. Төрийн Думын байрны ойролцоох гудамжинд тасалбар түгээх газрын ойролцоо манай найз охин, түүний найз залуу бид гурав эхэлж уулзав. Харин Володя тасалбар түгээх өрөөн дотор зогсч байсан. Түүнд анхны харцаар л дурласан. Учир нь Ленинградад өнгөрүүлсэн мөч минь надад маш их таалагдаж байсан юм”хэмээжээ.

Тэд ийнхүү танилцсанаас хойш гурван жилийн дараа буюу 1983 оны 7 сард өөрсдийн аз жаргалтай амьдралыг цогцлоож хуримаа хийж Мария, Катерина хэмээх хоёр охинтой болсон юм. Гэвч Их гүрний удирдагч маань өөрийн гэрлэлтийн 34 жилийн босгон дээр эхнэр Людмила Путинагаас салж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх