БНКазУ тусгаар тогтносны 27 жилийн ой тохиож байна

Бүгд найрамдах Казахстан Улс (БНКазУ) тусгаар тогтносны 27 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 12-нд тус улсын Элчин сайдын яамнаас хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Шадар сайд Ө.Энхтүвшин болон УИХ-ын гишүүд, гадаад улс орнуудын Элчин сайд нар зэрэг хүндтэй зочид оролцсон юм.

~БНКазУ тусгаар тогтносны 27 жилийн ой тохиож байна~

Тусгаар тогтносон цагаасаа хойш БНКазУ нийгэм, эдийн засгийн хөгжлөө хурдасгах олон ажлыг амжилттай хэрэгжүүлсний дотор БНКазУ-ын төрийн тэргүүн Н.Назарбаевын санаачилсан “Казахстан-2050”, «Нурлы жол (Саруул зам)», “100 тодорхой алхам” зэрэг хөтөлбөрүүд ихээхэн нөлөө үзүүлж буйг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин онцлов.

БНКазУ тусгаар тогтносон өдрөөсөө эхлэн дэлхийн хөгжингүй орнуудын эгнээнд багтахын тулд шийдэмгий алхмууд хийж ирснийг Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авалтын үеэр онцлоод, “Энэ зун Монгол Улсад болсон үерийн гамшгийн хохирлыг бууруулах зорилгоор БНКазУ-аас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Цаашдаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Хүлээн авалтын үеэр казах түмний соёл, ёс заншил, Нийслэл Астана хотын архитектурын онцлогуудыг харуулсан видео танилцуулга, гэрэл зугийн үзэсгэлэнг толилуулсан юм.

Сэтгэгдэл үлдээх