БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилохыг дэмжлээ

Тагнуулч Б.Хурцаас гишүүд айдаг нь байнгын хорооны хуралдаанаар тодорхой болов

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан асуудал эцэслэн шийдэгдсэн үү. Ц.Нямдорж та хоёр ноцтой баримтууд нэгнийхээ өмнөөс шидсэн. Энэ бодитой юу. Надтай хамт ажиллаж байсан хоёр Төрийн нарийн бичгийн дарга шалгагдаж байгаад амиа алдсан. Хохирлыг нь нөхөн төлсөн ч хэн ч ар гэрээс нь уучлал гуйгаагүй. Хөл нь өвдөж байгаа өвчтэй хүнийг хоёр давхрын шат өөд чирж гулдарч аваачаад, тагнуулынхан байцаалт авсан. Маш хүнлэг биш үйлдэл” гэв.

Хариуд нь генерал Б.Хурц: “Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосоос зэвсэг авах асуудал яригдсан. АТГ ч шалгаж байсан. Хойд Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу. Манай мөрдөн шалгах хэлтэс нэг давхарт ажилладаг. Тэдгээр залуусаа би одоо ч өмгөөлнө. Хэт хувийн зүйл ярьсанд уучлаарай. Та Хойд Солонгост 300 мянган ам.доллар төлөх естой шүү. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу? Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан.

УИХ-ын гишүүн Л.Болд: “Улаан цайм ингэж гүтгэдэг байхгүй юу. Надад ийм зүйл байхгүй гэдгийг тогтоочихсон учраас би энд сууж байна. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү. Зэвсгийн наймааны асуудал тэр чигтээ гүжирдлэг байсан. Харин ч ингэж яригдаж байгаа бол би хуулийн байгууллагад хандана” гэв.

Байнгын хорооны хурлын уур амьсгал ширүүсч эхлэх мөчид Н.Энхболд гишүүн хаалттай явуулах санал гаргасан ч санал хураалт явагдсангүй.

Байнгын хорооны хуралдааны асуулт, тодруулга үргэлжлэх үеэр Ж.Батзандан гишүүн: “Б.Хурцтай холбоотой хэд хэдэн асуудал байна. Д.Энхбатын агсны ар гэрийнхний өргөдөл, С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн асуудлууд яригдана. Гишүүд Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг зөвшөөрч байгаа. Тиймээс энэ асуудлыг хойшлуулж өгнө үү” гэсэн юм. Байнгын хорооны дарга О.Содбилэг “Нийтийн сонсголын тухай хууль шинэ хууль учраас өмнө нь байнгын хороон дээр асуудлыг хойшлуулах үндэслэл болж байгаагүй. Гэхдээ 21 гишүүн нээлттэй сонсгол хийх хүсэлтээ илэрхийлсэн учраас саналыг нь хүндэтгэж үзэх учиртай. Энэ нь УИХ-ын дэгийн тухай хуультай хэр нийцэж байгааг эргэж харах хэрэгтэй байна” гэсэн юм.

Мөн О.Баасанхүү гишүүн: “Ж.Батзандан гишүүн 14 хоногийн дараа С. Зоригийн хэргийг зарлана гэж хэллээ. Шүүхийн ийм нууц асуудлыг яаж мэдэж байгаа юм. Нийтийн сонсголоор асуудлыг хойшлуулах нь зөв үү. Дэгээ барих ёстой биш үү. Биднийг гадныхан харж байгаа шүү” гэв.

Т.Аюурсайхан гишүүн: “Нээлттэй сонсгол бол Монгол Улсын албан есны эрхзүйн акт. Тиймээс заавал дэгд баригдалгүй, асуудлаа нягтлах хэрэгтэй. Б.Хурцын асуудлыг нээлттэй сонсгол хийж, асуудлыг нэг мөр болгох ёстой. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, гишүүдийн эрхийг бас хангаж ажиллахыг хүсье” гэлээ.

Улмаар Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нарын гишүүдийн зүгээс хуралдааныг хаалттай байдлаар явуулах естой гэхэд Ж.Батзандан гишүүн олон улсын парламентын жишгээр нээлттэй сонсгол хийж, төлөвшүүлэх учиртай гэсэн байр суурийг дахин илэрхийллээ. Зарим нэр бүхий гишүүд томилгоо хийх хуулийн хугацаа байгааг, тус тусад нь асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байдлаар асуудалд хандаж, гадагшаа элчингээр явах гэж буй сайдаа өмнө нь УИХ шүүх нь буруу. Томилодсон хүн очоод яаж ажил хийх вэ гэсэн санааг ч илэрхийлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд: “Зүгээр л томилгоог баталчихъя гэж зарим гишүүд үзээд байна. Гэтэл асуух зүйл надад асар их байна. Надтай хамт ажилласан хоёр Төрийн нарийн нас барсан. Баахан шалгаж зовоосон. Ганц удаа л Л.Болдын төлөө дуугарчих гэж шахаж байсан. Яагаад ингэх болсныг нь би мэдмээр байна. Та нар үүнийг нээлттэй сонсголоор хийхгүй бол би гудманд гарч хийх болно” гэв.

Ингээд байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилохыг олонхийн саналаар дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх