БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.

УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж, амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр улс COVID-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэж үздэгээ тэмдэглэв.

Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй нотолж, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэв. Талууд “Ногоон гарц” түр журам, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх