БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян Европд айлчилж байна

Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян Европод айлчилж байна. Өнөөдрөөс эхэлж, энэ баасан гарагт дуусах айлчлалынхаа хүрээнд тэрбээр Европын холбооны удирдлагуудтай уулзаж харилцаагаа бэхжүүлэх талаар хэлэлцэх юм байна.

Тодруулбал, Ли Кэцян мягмар гарагт Белгид Европын зөвлөлийн дарга Доналд Тусктай уулзах аж. Талууд Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх замаар хамтын ажиллагаагаа сайжруулах, олон талт худалдааг дэмжих хүчин чармайлт гаргах талаар хэлэлцэж тохиролцох юм байна. Мөн тэрбээр Европын 16 улсын тэргүүнтэй энэ баасан гарагт Хорватад уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Энэ үеэр Ли Кэцян, худалдааны салбар, Хятадын “Нэг бүс-нэг зам” санаачилга зэрэгт хамтран ажиллах санал тавих юм байна.

Хятадын төрийн зөвлөлийн даргын айлчлалын өмнө болсон хэвлэлийн хурал дээр Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Ван Чао “Европын холбоо Хятадтай хамтран ажилласнаар талцаж хуваагдахгүй. Харин бүс нутгийн нэгдмэл байдал сайжирна” гэсэн утгатай зүйл хэлжээ. Мөн “Хятадын тал Европод төмөр замын сүлжээ байгуулах болсноороо Европын холбоог нэгдмэл болгоход тусалсан” гэж Гадаад хэргийн орлогч сайд нь тэмдэглэсэн байна.

Европын холбооны зүгээс Хятадын талыг сүүлийн жилүүдэд зах зээлийн хувьд бүрэн нээлттэй байж чаддаггүй хэмээн буруутгах болсон. Мөн Хятад Европын гишүүн улсуудтай ганцаарчилсан гэрээ хэлэлцээр хийж, нөлөөллөө нэмэгдүүлэх болсонд нь Европ болгоомжилж байгаа юм.

Ли Кэцяний энэ удаагийн айлчлал Хятадын дарга Ши Жиньпиний өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн айлчлалын дараахан болж байгааг хэвлэлүүд онцолж байна.

БНХАУ АНУ-тай худалдааны таагүй харилцаатай байгаа энэ цаг үедээ Европтой харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байна гэж ажиглагчид хэлж байна.

Сэтгэгдэл үлдээх