Брекситийн тухай шинэ хуулийн төслийг танилцуулав

Европын холбооноос гарах нөхцөлөөр энэ сарын 17-нд хийсэн тохиролцоон дээр үндэслэсэн энэ хуулийн төсөл нь 110 хуудас, нэмэлт тайлбартайгаа 125 хуудас юм байна. Даваа гарагийн орой парламентын гишүүд энэ хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр оруулахаар авчээ.

Засгийн газраас Брекситийг энэ сарын 31-нээс өмнө амжуулахын тулд нийтийн танхимд энэ хуулийн төслийг гурав хоногийн дотор хэлэлцүүлэхээр өгсөн юм байна. Үүний дараа мөн Лордуудын танхимаар хэлэлцэж, дараа нь Хатан хаан хоёрдугаар Элизабет гарын үсэг зурна.

Хэдийгээр олон улсын гэрээ хэлэлцээрийг парламентаар доод тал нь 21 өдөр хэлэлцэх ёстой байдаг ч энэ хуулийн төсөлд хуулийг маш богино хугацаанд баталж болно гэсэн заалт хүртэл багтжээ.

~ Брекситийн тухай шинэ хуулийн төслийг танилцуулав~

Хуулийн төслийн өөр нэгэн заалтад Европын холбоотой хийх гэрээг батлах асуудлаар парламентад тусдаа санал хураалт явуулах шаардлагагүй гэж тэмдэглэсэн байна. Парламентаар хуулийн төслийг мягмар гарагт болох хоёр дахь сонсголоор дэмжсэнээр энэ санал хураалтыг явуулсанд тооцно гэжээ.

Харин одоо Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ хуулийн төслөөр санал авахын тулд олонхийн дэмжлэгийг авах шаардлагатай болоод байна. Гэхдээ зарим гишүүд ийм чухал хуулийг гуравхан өдрийн дотор баталж болохгүй гэж үзэж байна. Мөн Борис Жонсон Брекситийг хойшлуулах асуудлаар Брюссельд хүсэлт гаргаснаар Их Британийн гишүүд энэ төслийг илүү нарийн судлах боломж бүрдэнэ гэж мэдэгдэж байна.

Харин Европын холбооноос Их Британийг бүрэлдэхүүнээс гарах хугацааг дахин хойшлуулах зөвшөөрлийг одоохондоо олгоогүй байгаа билээ. Түүнчлэн сөрөг хүчнээс энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах магадлал өндөр. Тэгвэл хуулийн төслийг батлах хугацаа дахин хойшилно гэсэн үг юм.

Сэтгэгдэл үлдээх