Д.Лүндээжанцан: Цэцийн дүгнэлт гарвал Байнгын хороо хэлэлцэхэд бэлэн

Улсын их хурлын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг өргөдлөө өгөх хүртэл Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн албан бичиг ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байсан. 

Нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлагыг Байнгын хороо хэлэлцэх боломжгүй хэмээн үзсэн. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Д.Лүндээжанцаны байр суурийг тодрууллаа.

Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганы үйл ажиллагаа нэлээд удаан гацаж, өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хороо хуралдлаа. УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан гишүүдийн саналыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Манай байнгын хороо ер нь гацахгүй, хуралдаад л байгаа. Төрийн албаны зөвлөлд төрийн төлөөллийг сонгон шалгаруулах журмыг манай байнгын хороо батлах ёстой. Түүнийгээ баталсан. Мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ руу орууллаа. Энэ бол Хэнтий аймагт болох нөхөн сонгуультай холбоотой өөрчлөлт. Нэг үгээр хэлбэл, энд үүсээд байсан зөрчил арилна гэсэн үг. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол ээлжит сонгуулийн нэг сарын 1-нээс ажлаасаа чөлөөлөгдсөн байх хуулийн заалттай.Тэгвэл ингэх шаардлагагүй. Сонгууль зарласнаас хойш ажлын тав хоногийн дотор хүсэлтээ гаргаад, төрийн албанаас чөлөөлөгдөж болно. Өөрөөр хэлбэл, 55 хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн үг. Тэгэхгүй бол зургадугаар сард, аравдугаар сард болох сонгуульд нэгдүгээр сарын 1-нээс ажлаасаа чөлөөлөгдсөн байна гэхээр бүтэн 10 сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх болчих гээд байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрээр энэ заалт хүчингүй болчихсон учраас бид нөхөж оруулахаас аргагүй байгаа юм.

Сонгуулийн хугацаанд өөрчлөлт орохгүй гэсэн үг үү?

Орохгүй. Гэхдээ он гарангуут УИХ-ын сонгуулийн хууль, Орон нутгийн сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэх учраас тэр үед сонгуулиудын хугацааг эргэж харахаас өөр аргагүй болж байна.

УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байна. Яагаад?

Их хурлын 40 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг Их хурлын даргад ирүүлсэн. Их хурлын дарга манай Байнгын хороо руу шилжүүлсэн. Тэр албан бичгийг манай Байнгын хороо хэлэлцэх боломжгүй гэж үзсэн учраас хэлэлцэх асуудлаас хассан. Тэр асуудал хуулиараа явна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан таван үндэслэлийн нэгээр оруулж ирвэл манай Байнгын хороо хэлэлцэнэ. Нэг бол Цэцийн дүгнэлт гарвал манай Байнгын хороо хэлэлцэнэ.

Сэтгэгдэл үлдээх