Д.Сарангэрэл: Ж.Амарсанаа өөрийн эзэмшлийн эмнэлэгтээ ЭМД-ын сангаас 785 сая төгрөг авсан байж болзошгүй!

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн өнөөгийн байдал болон үүнтэй холбоотойгоор үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвчилсөн асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарасанаа Эрүүл мэндийн яамны гадна жагсаал зохион байгуулсан билээ.

Тэрээр “сүрьеэгийн тархалтын урьдчилан сэргийлэх үзлэг хийж, цаг алдалгүй эмчилгээ хийж байна. Хэрэв энэ үзлэгийг хийгээгүй бол сурагчдад ямар эрсдэл үүсэх байсныг төсөөлөхөд бэрх. 1990 оноос хойш дахин сэргэсэн срьеэгийн өвчлөл дэлхий дахинд нэмэгдэж, дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Сүрьеэ өвчнөөр дэлхий дээр жилд 10.4 сая хүн өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь Энэтхэг, Хятад улсад бүртгэгджээ.

Монголын Засгийн газар ч энэ асуудалд анхаарч, сүрьеэгийн талаар авах арга хэмжээг авч, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. 2018 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд сүрьеэгийн бүртгэл хийж байна. Ерөнхий боловсролын сургуульд газар дээр нь очиж хийж байна. Өнөөдрийн байдлаар 25 сургуулийн сурагчдыг шинжилгээнд хамруулж, өвчлөлийн 47 тохиолдлыг илрүүлж, эмчиллээ.

Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлж, тоног төхөөрөмжөө ч сайжруулж, улсын төсөв, олон улсын байгууллагаас 5.8 тэрбум төгрөгийг сүрьеэгийн чиглэлээр зарцуулаад байна. Ж.Амарсанаа таныг сүрьеэ өвчинтэй тэмцэж байгааг буруутгахгүй байгаа ч эмч, ажилтнуудын ажилчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгэж, цээжээ дэлдэж байгааг эсэргүүцэж байна.

Өвчнөөр улс төр хийхээ зогсоохыг хүсч байна. Ж.Амарсанаа нь өөрийн эзэмшлийн “Хаппи веритас” эмнэлгээр дамжуулан хуурамч мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангаас 785 сая авсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд үүнийг ч холбогдох байгууллагууд шалгаж байгаа” гэв.

Сүрьеэгийн тохиолдол:

  • 2013 онд -4111
  • 2014 онд-4172
  • 2015 онд-4270
  • 2016 онд-4045
  • 2017 онд-3779

2018 онд -3498 тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл үлдээх