Д.Эрдэнэбат: Нэр төрд нь сэв суулгахаар бичиг УИХ-д оруулж ирж байгаа нь буруу!

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Ингээд Ерөнхийлөгчид санал хураалтын дүнг албан бичгээр хүргүүлэхээр боллоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Б.Дэлгэрмаа намын дэд дарга болсон нь үнэн үү. Үнэн бол өргөдлөө өгөөд өөрөө ажлаа өгчхөж болдоггүй юм уу. Хоёр газар зэрэг ажиллах гээд байгаа юм шиг санагдаж байна. Өөрөөс нь асууж үзсэн үү, намын дэд дарга болсон эсэхийг нь тодруулсан уу. Манай улс чинь 32 намтай. Хэн нэгнийгээ зарлаад байвал Элчин сайдаас нь эгүүлэн татаад байх юм биш биз. Мөн Элчин сайдуудаа хэзээ томилох вэ. Солонгос, Швед, Япон зэрэг томоохон улсын Элчин сайд нараа томилмоор байна. 60 тэрбумаа нөхдүүд төлж дуусан уу. Төлж чадаагүй бол хурдан төлмөөр байна. Улс орноо бүтэн болгох асуудал анхаармаар байна.

Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа:

Б.Дэлгэрмаа Элчин сайд АН-ын дэд даргаар томилогдсон албан ёсны тогтоол нь надад байна. Гаргасан өргөдөл нь журмынх нь дагуу шийдвэрлэгдэх байсан. Өргөдлөөс нь өмнө асуудал орж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

Элчин сайд нарын асуудлыг даруй оруулж ирмээр байна. Миний мэдэхийн сүүлийн гурван долоо хоног ярьж байна. Ирэх долоо хоногт Элчин сайд нарын асуудлаа хэлэлцмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Ийм зөвшилцлийн бичиг ирүүлсэнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт харамсаж байна. Улстөржсөн утга бүхий шийдвэр гаргасан. Б.Дэлгэрмаа чамгүй сайн ажилласан гэж харж байгаа. Гэхдээ энэ хүнийг ажлаа өгөхөд нь нэр төрд нь сэв суулгахаар бичиг УИХ-д оруулж ирж байгаа нь буруу. Б.Дэлгэрмаа дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхийлөгчид өргөдлөө өгсөн. Хугацаа дуусч байгаа учраас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл. АН-ын ҮБХ дөрөвдүгээр сарын 7-нд хуралдсан. Б.Дэлгэрмаа өргөдлөө өгчихөөд улс төрийн албан тушаалд очсон. Зүй нь бол Ерөнхийлөгч өргөдөл өгсний дагуу гэсэн тайлбартай оруулж ирэх ёстой байтал улс төрийн албан тушаал давхар хашсан гэж улстөржүүлж оруулж ирсэн нь буруу.

Сэтгэгдэл үлдээх