Ерөнхийлөгч Х.Баттулга ‘Сар шинийн баяр’-ыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргав

Дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа.

Мөн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Энэ дагуу Засгийн газар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй. Гагцхүү золгуут хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалав. Засгийн газар өмнө нь Цагаан сарын баяраар бөхийн барилдаан зохиох, төрийн, нутгийн зөвлөл, байгууллагуудын золголт зэргийг хориглосон шийдвэр гаргаад байсан юм.

~Ерөнхийлөгч Х.Баттулга “Сар шинийн баяр”-ыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргав~

Мөн өнөөдрийн хуралдаанаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-наас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Засгийн газар баярын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгохтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

Сэтгэгдэл үлдээх