Ерөнхий сайдыг пүрэв гарагт батламжилна

УИХ-ын намрын чуулган нээгдлээ. Энэ чуулганаас хамгийн эхэнд шинэ Ерөнхий сайдыг батламжлах ёстой. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж нэр дэвшигч У.Хүрэлсүхийг 100 хувиар дэмжээд байгаа. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганаар батлах ёстой. Хуваарь ёсоор даваа гарагт намын бүлгүүд хуралддаг. Энэ жишгээр өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж байна. Маргааш байнгын хороод хуралдана. Харин ирэх пүрэв гарагт буюу 5-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Энэ хуралдаанаар У.Хүрэлсүхийг батламжлах болно. У.Хүрэлсүх нэгдсэн хуралдаанаас олонхийн дэмжлэг авах нь тодорхой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг, ТББХ аль аль нь түүнийг 100 хувь дэмжээд байгаа билээ. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өмнөх бүтцийг хэвээр хадгална гэж мэдэгдсэн учир зөвхөн бүрэлдэхүүний буюу хэн хэнийг сайдаар томилох тухай асуудал л дараагийн ээлжинд яригдах болно.

Засгийн газрын бүрэлдэхүүнд давхар дээлтэй сайд хэд байх болон дэд сайд байх эсэх нь анхаарал татаж байна. Энэ талаар нэр дэвшигч У.Хүрэлсүх Байнгын хороны хурал дээр мэдэгдэхдээ хууль журмын дагуу хэрэгжүүлэхээ илэрхийлэхийн хамт давхар дээлийн асуудлаар намын бүлэг, Удирдах зөвлөл дээр нухацтай ярилцана гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрбээр ажил хийдэг хүнийг л сайдаар томилуулахаар дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх