Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Та нар ажил хийвэл хийцгээ, чадахгүй бол ажлаа өг!

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, төслийн макеттай танилцлаа /2019-09-13/. Энэ үеэр Чингис хааны музейн найман давхар объектын макет орчин үеийн, сэтгэл гаргаж ажилласан нь илт байгааг дурдсан юм. Харин Байгалийн түүхийн музейн ажил удаашралтай байгаад Ерөнхий сайд дарга нарыг буруутгалаа. Учир нь Ерөнхий сайд өнгөрсөн хавар байгалийн түүхий музейн газар дээр өөрийн биеэр очиж, шинээр барих газар, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн юм. Харин өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй, макет зургаа ч олигтой гаргаагүй байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх бухимдав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Музей засварлах мөнгө, санхүү, газрын асуудлыг бүгдийг нь шийдэж өгсөн. Асуудлыг чинь газар дээрээ нь очоод шийдсэн. Одоо тэгээд яагаад ажиллах байгаа юм бэ. Та нар ажил хийвэл хийцгээ, чадахгүй бол ажлаа өг. Та нарын цаана олон чадвартай залуус гудамжинд байна. Гадаад, дотоодод сургууль төгссөн хүмүүс төрдөө зүтгэе, ажил хийе гэж байна. Чадахгүй бол битгий энд буга болоод суугаад бай, зайлцгаа. Газраа шийдчихвэл болно гэсэн хаана байна. Яагаад зургийн компанитай хамтран ажиллахгүй байгаа юм бэ. Төрийн ордонд хийгээд тавьсан макетаа хар. Түүнээс хойш хэчнээн хугацаа өнгөрөв. Ганц макет хийгээд тавьж яагаад чаддаггүй юм. Чингис хааны музей шиг макет хийгээд тавьж болохгүй байна уу.

Ё.Баатарбилэг сайдаа, дэд сайд Ганбаяраа, та нар олон хэлж байгаа ш дээ. Улс орон, ард түмний өмнө битгий ингэж садаа бол. Улс төрийн хэрүүл тэмцлээ болиод ажлаа хийцгээе. АН, МАН гэж хуваагдаж хэрэлдсээр байтал юу ч хийгдсэнгүй. Одоо нэгдэж нийлж, эх орондоо юм хийж бүтээе. Улс төрийн намд, төр байгаа хулгайч нараа бүгдээрээ цэвэрлэе. Хүний өөрийнгүй ажлаа хийцгээ” хэмээв.

эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл үлдээх