Жагсагчид Ираны консулын газрыг галдав

Иракийн хэсэг жагсагчид тус улс дахь Ираны консулын газрыг галдан шатаасан байна. Жагсагчид Иран улс Иракийн дотоод хэрэгт оролцож, өнөөгийн засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байна гэж буруутгажээ.

Иранчуудыг Иракаас гарахыг шаардсан уриа лоозонг барьсан жагсагчид Нажаф хот дахь Ираны консулын газарт халдсан байна. Иракийн жагсагчдын халдлага болохоос өмнөхөн консулын ажилчид аюулгүй газар уруу зугтаж амжсан гэдгийг орон нутгийн хэвлэлүүд онцолжээ. Үүнээс өмнө буюу одоогоос гурван долоо хоногийн өмнө Иракийн Карбала хот дахь Ираны консулын газар уруу жагсагчид дайран орж, галдан шатаасан үйл явдал мөн болж байсан юм.

Ийнхүү нэг сарын дотор Ирак дахь Ираны хоёр ч консулын газар халдлагад өртөөд байна. Жагсагчид Иран улс Иракийн дотоод хэрэгт оролцож байна гэж буруутгажээ. Ер нь Иракт өнгөрсөн хоёр сар орчмын хугацаанд өнөөгийн засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл өрнөж байгаа төдийгүй цагдаа нар болон жагсагчдын хоорондох мөргөлдөөний улмаас 344 хүн амиа алдаад байна.

Жагсагчид төрийн байгууллага дахь авилга, хээл хахуулийг зогсоож, ажлын байрыг нэмэгдүүлэх болон нийтэд чиглэсэн үйлчилгээг сайжруулахыг шаардаж байгаа юм. Адиль Абдул-Махди Иракын засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойш нэг жил өнгөрөөд байна. Тэрээр улс эх орондоо шинэчлэл явуулна гэж амлаж гарч ирсэн ч ажил хэрэг болгож чадаагүй юм.

Өнгөрсөн 10-р сарын 01-нд Иракийн залуучууд эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлсэн бөгөөд ажилгүйдэл, авилгалын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн юм. Харин жагсагчид сүүлийн үед Ираны консулын газар уруу халдаж, уур бухимдлаа илэрхийлэх болжээ.

эх сурвалж: mnb.mn

Сэтгэгдэл үлдээх