Ж.Бат-Эрдэнэ: Энэ хуулийг би эсэргүүцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Санал хураалтад 38 гишүүн оролцож, 20 гишүүн дэмжсэнээр 52.6 хувийн саналаар хууль батлагдлаа.

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,

Сүүлийн үед шүүх, хуулийнхан болохгүй байна, Монголд шүүх алга гэж их ярьж байна. Болохгүй байна гээд удирдлагуудыг нь солиод явж байгаа биз дээ. Заавал шүүхийн тогтолцоо руу орж, хууль өөрчлөх шаардлага байгаа юм уу.

Хэрвээ энэ хуулийг баталбал ардчилал алга болно. Шүүх, хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш байх зарчим алдагдаж байна. УИХ-аас зайлшгүй гаргасан бодлогыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй, хэлэлцэхгүй гэж байна. Ингэж болохгүй ш дээ. УИХ-аас дандаа зөв шийдвэр гардаг гэдэгт итгэхгүй байна. Хөх тэнгэр доорх шүүхийн өмнө иргэн, байгууллага, төрийн институт бүр эрх тэгш байх ёстой гэдэг зарчим алдагдана. Энэ хуулийг би эсэргүүцэж байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар,

Засгийн газраас гаргасан хоёр төрлийн шийдвэрийг л Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар зохицуулсан. Нэгд, батлан хамгаалах аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэх зорилготой Засгийн газрыг шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй. Хоёрт нь, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэж үзсэн. Үүнээс бусад тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянана.

Сэтгэгдэл үлдээх