Ж.Ганбаатар: Төрийн хүнд суртлын араас хөөцөлдсөөр бизнесийнхэн “хугацаа” алддаг

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа. Үүнээс гадна Засаг дарга, ИТХ-ын дарга гэх мэт албан тушаалтны гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл буй аж.

Ийнхүү дур мэдэн зөвшөөрөл бий болгож, олгох болон хугацааг сунгахдаа нарийн тодорхой зохицуулалтгүйгээс “хав дардаг” хүнд суртал, авлига шан харамж авах үндэс суурийг бүрдүүлж байгаа гэдэг.

Энэхүү хууль батлагдсанаар өнөөдөр олгогдож буй 1300 гаруй тусгай зөвшөөрөл 400 болж гурав дахин цөөрнө, хугацааны тухайд 3-5 жил болж, хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө. Хэт их зүйлийг хуульчлахаар амьдрал дээр зохицдоггүй. Мөн хууль давсан журам гаргах тохиолдлууд маш их байдаг. Зөвшөөрөл гэхээс илүү журмаар иргэн, хуулийн этгээдийг дарамталдаг. Олон улсын практикуудыг хэр зэрэг судалсан бэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэхэд маш олон журмаар далайлгадаг. Мөн төр тусгай зөвшөөрлийг өөрөө олгодог байх ёстой. Төрийн бус байгууллага төрийн өгдөг зөвшөөрлийг олгодог зүйл бас байна. Төрийн бус байгууллага төрийн зөвшөөрөл олгоод байвал төр байх шаардлага байхгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Зөвшөөрлийн хуульд олон удаа өөрчилж, яаж багасгах вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд их ярьсан. Дэлхийн улс орнууд 3-4 жилийн хугацаанд хүнд суртлыг бууруулдаг жишиг байдаг. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад ямар тусгагдсан уу. Гүрж улсын туршлага манай хөрсөнд таарах уу, нарийн судалж үзэв үү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Энгийн зөвшөөрлийг өргөдөл авснаас хойш 5 хоногт, тусгай зөвшөөрлийг 10 хоногт багтаан шийдвэрлэнэ, бүрдүүлэх бичиг баримтыг нарийн зааж өгсөн байгаа. Зөвшөөрөл олгохоос татгалзсан бол ямар шалтгаанаар гэдгээ тухайн албан хаагч хууль зүйн үндэслэлтэй эсэхийг олонд нээлттэй мэдээлэх ёстой. Хэрэв үндэслэл тодорхойгүй бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Үүнээс гадна ИТХ, Засаг дарга нарын гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл байна. Албан тушаалтнууд өөрсдөө зөвшөөрөл бий болгодог, зөвшөөрлийг олгох, сунгах өргөдлийг шийдэхгүйгээр маш их хугацаа алддаг. Хууль батлагдсанаар тухайн зөвшөөрлийг 5-10 хоногт заавал шийдвэрлэх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Зөвшөөрлийн хуулийг дэмжиж байна. 100 гаруй хуулиар зохицуулж байсан асуудлыг цэгцэлж нэг хуулиар зохицуулах гэж байгаа нь зөв юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Энгийн зөвшөөрлийг 3-5 жил, тусгай зөвшөөрлийг багадаа таван жилийн хугацаатайгаар олгоно. Өнөөдөр зөвшөөрлийг 6 сар, нэг жилийн хугацаатай олгож зөвшөөрөл хүсэгчид хүндрэл учруулдаг, үүнийг дагасан хүнд суртал авлига хээл хахуулийн нөхцөл суурь бүрдэж байгаа юм. Үүнийг таслан зогсооно.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Аймаг, сум, дүүргийн Засаг, ИТХ дарга дур мэдэн зөвшөөрөл олгосоор 100 гаруй зөвшөөрлийг 1300-д хүргэсэн. Аж ахуй нэгжийг төрөөс дэмжинэ гэж байгаа ч зөвшөөрөл нэрийдлээр чөдөр тушаа болдог байсан. Энэ хууль батлагдсанаар зөвшөөрөлтэй холбоотой аж ахуй нэгжид учирч буй хүндрэл бэрхшээл үгүй болно гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Нэг талд төр, нөгөө талд нь бизнес байдаг юм шиг хандлага гаргадаг төрийн албан хаагчид олон байдаг. Аж ахуй нэгж энэ улс орны эдийн засгийг авч яваа . Төрийн хүнд суртлын араас хөөцөлдсөөр бизнесийнхэн маш их цаг хугацаа алддаг. Хуулийг биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэж байгаа. Эцсийн дүндээ нэг хүн ажлаасаа халагдаж, бизнесменүүд хохироод үлддэг. Тиймээс хууль зөрчихгүй байх, хариуцлагыг нь илүү тодорхой болгох ёстой. Мөн зөвшөөрлөө төр олгосон бол араас нь хяналтаа сайн тавих хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өмнө нь баталсан хуульд тусгаагүй зарим заалтыг оруулж ирсэн. Тусгай зөвшөөрлийг 10 хоногт, энгийн зөвшөөрлийг 5 хоногт олгох ёстой. Ингэхдээ бүрдүүлэх ёстой материалуудын зөрчилгүй бол энэ хугацаанд л зөвшөөрөл олгоно. Үндэслэлгүйгээр зөвшөөрөл олгохгүй бол хариуцлага тооцно. Хуульд тусгаснаар ямар тохиолдолд хариуцлага хүлээлгэх асуудлаар заалтууд тусгагдсан байгаа. Зөвшөөрөл авч байгаа этгээд хууль бусаар авсан, зориулалтын бусаар ашигласан бол мөн хариуцлага хүлээх ёстой гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Бизнесийн салбарын төрийн оролцоог багасгах, хүнд суртал, авлигыг арилгахад хуулийн төсөл чухал үүрэгтэй. Парламентын засаглалтай орны хувьд зарчимтай байх ёстой шүү гэдгийг онцгойлон хэлж байна. Сүүлийн 10 гаруй жил энэ зарчим алдагдаж, ёс зүйгүйгээс болж иргэд төрд итгэхгүй болоод байна. Бизнес хийдэг хүмүүс нь бизнесээ хамгаалах, өргөжүүлэхийн төлөө зүтгэж байгаа нь бодит үнэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Төрийн эрх мэдлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх, тусгай чиг үүрэг хэрэгжүүлэх эрх олгох зайлшгүй шаардлагатай гэсэн хоёр ялгаатай зүйл. Гэтэл хянах субъект нь энэ хоёр өөр чиг үүргийг нэг л хүн байдаг. Манайд найман нэр, архины зөвшөөрөл олгосоор баяжсан хүн байгаа.

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

Чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Монгол Улсад 54 байгууллага нийтдээ 900 гаруй зөвшөөрөл өгдөг юм байна.

Сэтгэгдэл үлдээх