Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ: МИАТ-ийн 49 хүртэлх хувьд гаднын менежмент оруулна

~МИАТ-ийн 49 хүртэлх хувьд гаднын менежмент оруулна~

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар МИАТ-ийг хувьчлах шийдвэр гаргасан. Яг ямар байдлаар хувьчлах вэ?

-МИАТ-ийг хувьчлах нь зүйтэй гэж би хувьдаа үзэж байгаа. 49 хүртэлх хувьд гаднын менежмент оруулж ирэх ёстой. Харин яаж хувьчлах саналыг Төрийн өмчийн хорооноос гаргана. Төрийн өмчийн хорооноос 2018-2020 оны хувьчлалын үндсэн чиглэлд МИАТ-ийг хувьчлах асуудлыг тусгасан. Тиймээс Засгийн газраас 49 хүртэлх хувь нь Монголын Хөрөнгийн биржээр хувьчлагдана гэж шийдвэрлэсэн.

-МИАТ-ийн 49 хувийг хэдээр үнэлэмж байгаа вэ. Анхны үнийн саналыг Засгийн газраас гарах уу?

-Хөрөнгийн бирж дээр саналууд нь очиж, энэ компанийн шинэчилсэн үнэлгээг хийнэ. Үнэлгээн дээрээ тулгуурлаад 49 хувь нь хэдээр үнэлэгдэж, хэдэн хувьцаа гаргах нь тодорхой болно. МИАТ хувьцаат компани шүү дээ. Тэгэхээр 49 хувь нь хэдэн ширхэг хувьцаа болох вэ гэх байдлаар л явах байх.

-АЗЗА-г хувьчлах асуудлыг мөн хэлэлцсэн байсан. Хичээн авто зам, засварын компаниуд байдаг вэ?

-Авто зам засвар, ашиглалтын компаниудаа хувьчлах асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Эдгээр компаниудаа хувьчлаад, хариуцлагажуулъя гэж байгаа. 21 компанийн нэр орж байгаа. Бүгдийг нь дуудлага худалдаагаар хувьчилна.

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдлээ. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил хийхэд жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Тэгэхээр энэ хугацаанд зам тээврийн салбарт бүтээн байгуулалтын ямар ажлууд хийх вэ. Хөдөө орон нутаг руу шинээр зам тавих уу?

-Энэ жил шинээр маш бага авто зам барихаар төсөвт тусгасан. Өмнө нь эхэлсэн ажлуудаа гүйцээж хийе гэж зорьсон. Эдийн засгийн хүндрэлээс ч шалтгаалаад шинэ зам барих асуудлыг энэ жилдээ хойш тавьсан. Нийт 36 км зам л шинээр тавихаар байгаа. Үүнийгээ аймаг, сумдууддаа хуваахаар өчүүхэн жаахан юм болж байгаа. Ер нь Засгийн газар авто замынхаа эхний шатны сүлжээгээ бий болгоё гэж байгаа. Энэ нь Улаанбаатар хотыг аймгуудын төвтэй авто замаар холбох юм. Таван аймаг үлдсэн байгаа. Тэгэхээр ирэх хоёр жилдээ үлдсэн таван аймгаа Улаанбаатартай авто замаар холбоно. Дараа нь бүс нутгийн асуудлууд, аялал жуулчлалын бүс нутгуудыг холбох, аймгуудын хооронд зам тавих гээд цааш явах ёстой.

-Цаг, хугацаа, санхүү зориулаад замаа барьчихдаг. Гэтэл маш чанаргүй зам ашиглалтад ордог. Энэ хавар барьсан зам намар нь эвдэрч гэмтээд, мууддаг. Замын ашиглалт, арчилгаа, чанарын асуудал дээр яамны зүгээс ямар бодлого барьж ажиллах вэ?

-Сайд болоод хамгийн эхэнд хийсэн ажил маань Авто замын зөвлөгөөнийг хийсэн. Энэ зөвлөгөөнийг зургаан жил хийгээгүй байсан. Зөвлөгөөнөөр яам, Авто замын үндэсний төв, гүйцэтгэгч байгууллагуудтайгаа авто замын чанарын асуудлыг ярьсан. Өнгөрсөн жил Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуулийг дагасан журмуудыг гаргах ёстой. Журмууд дээр авто замын захиалга өгөхөөс эхлээд гүйцэтгэх хүртэл нь, шат шатанд нь анхаарлаа хандуулж ажиллахыг тусгасан.

Яг хаана нь ямар алдаа гардаг вэ гэдэгт хяналт тавьж, шат шатанд чангална. Мөн зам арчилгааны асуудал хамгийн чухал. Монгол Улс замынхаа гол сүлжээг тавьсан. Одоо арчлахгүй бол болохгүй. Энэ жил дахиад л зам арчилгааны мөнгийг нэмж өгөөч гэж ярина. Энэ жил зам арчилгаанд 20 тэрбум төгрөг тавьсан. Уг нь 50 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Мөн пүү тавих шаардлагатай байгаа. Сайхан замууд ашиглалтад ороод, хавар газар гэсэх үеэр том тэрэгнүүд яваад зад татаад хаячихаад байна. Тиймээс пүү тавиад том тэрэгнүүдээ явуулдаг байх хэрэгтэй байгаа юм.

-Төмөр замын асуудлыг хэлэлцэж, концессоор барих шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Аль аль чиглэлийн хичнээн км замуудыг барих вэ?

-Тавантолгой Гашуунсухайт, Тавантолгой Зүүнбаян буюу Сайншанд руу явж байгаа замыг зэрэгцүүлээд баръя гэж байгаа. Тавантолгойн асуудлыг бүлгээр хэлэлцсэн шүү дээ. Үүнд хөрөнгө босгох асуудлыг ярьж байгаа. Энэ хөрөнгийг дэд бүтэц рүүгээ л оруулна. Нэг үгээр хэлбэл, Тавантолгойн Гашуунсухайтын чиглэлд нэмэлт авто зам барих, төмөр замаа дуусгах гэж л хөрөнгө босгож байгаа. Тавантолгой Зүүнбаян буюу Сайншандын чиглэлийн 414 км зам барихаар концессын гэрээ хийхээр шийдвэрлэсэн.

-Тавантолгойн 30 хувь дээр IPO гаргаж 4.7 тэрбум босгоно гэсэн. Энэ мөнгөөрөө төмөр зам, авто замаа цогцоор нь шийдээд явах юм уу?

-Ер нь IPO буюу хөрөнгө оруулалтыг дэд бүтэц дээ л зориулж босгодог. Бид ч энэ жишгээр явна. Тэгэхээр босгосон хөрөнгөө олборлолтоо сайжруулахад зарцуулахаас гадна дэд бүтэц рүүгээ явуулна. Тавантолгой Гашуунсухайтын 247 км зам байгаа. Энэ зам дутуу 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Үлдэгдэл дээр нь хөрөнгө босгоно. Мөн Тавантолгой Гашуунсухайтын чиглэлийн авто зам барихаар яригдаж байгаа. дээрээс нь Тавантолгой Ханги мандал руу авто зам барьж, Бугат руу нүүрс гаргана.

-Тантай уулзаж байгаа дээрээ Булган аймгийн Засаг даргын асуудлыг яръя. Таныг Булган аймгийн Иргэдийн хуралд оролцоод байна, аймгийн дотоод асуудалд хэтэрхий оролцож байсан гэсэн зүйл яригдаад байгаа. Та үүн дээр байр сууриа илэрхийлнэ үү. Ер нь Засаг даргыг огцруулах асуудал яагаад яригдах болов?

-Засаг даргыг огцруулъя гэдэг улс төрийн л агуулга яваад байх шиг байна. Засаг даргын хийж байгаа ажлуудыг үнэлж, дүгнээд нэг талдаа гаргах хэрэгтэй. Зөндөө л асуудал байна. Хуралд очиж суухын хувьд би 2016 оны сонгууль дуусаад л би Булган руу гүйсэн. Засаг дарга, Тамгын газрын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, бүтэц гээд Булган аймгийн үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөр, 2017 оны төсөв бүхэл л ажилд нь би оролцсон үнэн. Оролцох ч ёстой гэж бодож байгаа. Учир нь анх сонгуульд орохдоо Булган аймгийн иргэдээс УИХ-ын төвшинд намайг сонгож, итгэл үзүүлээч гэж гуйсан.

Аймгийн дунд төвшин, аймаг, сумын удирдлага дээр аймгийн хөгжилтэй холбоотой асуудал дээр намын даргын хувьд оролцох эрхтэй гэж бодож байна. Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого мөрийн хөтөлбөрийг Булганд хэрэгжүүлнэ гэж тавьсан. Бид хашаа бариад, саад хийгээд, зам тавиад байдаг. Гэхдээ болж өгвөл төсөв мөнгөө иргэдийнхээ төлөө, ажил хийдэг, ажлын байр бий болгох, аж ахуйн нэгж, хувь хүн мөнгө, орлоготой болохын төлөө эдийн засгийг зориулъя л гэсэн юм. Энэ мөрийн хөтөлбөрийг маань дэмжээд Булган суман дээр 33 суудлыг бүгдийг нь манай намд өгсөн. Тиймээс тэнд хийж байгаа ажил, мөрийн хөтөлбөр дээр нь хяналт тавих ёстой. Түүнээс өмнөх гишүүд нь бүгд л Улаанбаатарт амьдарч, Улаанбаатарт л байдаг байсан шүү дээ.

Чуулган завсарлахаар хаяа нэг очиж тойрдог. Тойрохдоо уул даваан дээр тосуулаад л, мөнгөн аягатай сүүгээ уугаад л явдаг ш дээ. Би анхнаасаа зочин байдлаар очихгүй гэдгээ хэлсэн. Энэ нутагт гурван жил амьдарсан. 2016 оноос хойш бүтэн хоёр жил эрж, очиж байна. Харин сөрөг намынхан эндээс намайг холдуулахыг хүсээд байна, хяналтыг арилгахыг зориод байгаа нь харагдаад байгаа. Иргэд бол намайг ингэж ажиллахыг маш сайн дэмждэг шүү.

-Засаг даргыг та хэр ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ. Хэрвээ Иргэдийн хурал Засаг даргыг огцруулах шийдвэр гаргавал дараагийн Засаг даргын асуудал бас яригдах байх?

-Гайхалтай сайн ажиллаж байна гэж хэлэхгүй. Угаасаа би тэдэнд дүн тавивал гурав тавина л гэж хэлдэг. Ер нь Булган аймагт МАН-ын боловсон хүчний хувьд шинэ үе гарч ирж байна. Энэ үеийг бид дарж, унтраагаад хаячихмааргүй байна. Залуу хүүхдийн хувьд туршлагагүй, алдаа байгаа байх. Гэхдээ хоёр жил ажиллаа чангараад ирж байна. Анхныхаасаа шал өөр болж байна. Өмнө бид 10 гаруй жил Булган аймгийг авч явахдаа боловсон хүчнээ бэлдэж чадалгүй алдаа гаргасан. Одоо аймгийн намын залуучуудын хамгийн ахмад нь 38 настай байна.Тэгээд дөнгөж хөлөө олоод гарч ирж байхад нь түлхэж унагаамааргүй байна. Ер нь үе үеийн Засаг даргатай харьцуулахад хоёр жилийн хугацаанд энэ Засаг дарга муу ажиллаагүй.

-Аймгийн 80 жилийн ой энэ жил тохионо. Түүхт ойгоо тэмдэглэх нь баяраас гадна нөгөө талаараа бүтээн байгуулалтаа нутгийн уугуул иргэддээ тайлагнах уулзалт. Гэтэл Булган аймаг хөгжилгүй, ядуурал ихтэй аймгийг тэргүүлсээр байна шүү дээ?

-Манай УИХ-ын нэг гишүүн “Танай аймаг яагаад ийм ядуу юм бэ” гэж надаас асууж байсан. Энэ нь статистикийн судалгаагаар иргэдийн хадгаламжаараа хамгийн доор орсон үзүүлэлтээр гаргасан дүн. Гэтэл манай аймаг ямар сайхан байгаль, газар тариалан, мал аж ахуй хөгжүүлэх хамгийн тааламжтай нутаг. Энэ сайхан нутагт бид үнэхээр сэтгэлгүй ажилласан байна гэж дүгнэж байгаа. Юм бүтээж, хийхийн төлөө тэр болгон алхам хийгээгүй. Тухайлбал, сая Орхон аймаг нэг тэрбум төгрөг өглөө. Аймгийн иргэдийн хурал дээрээ ярьж байгаад баярынхаа үйл ажиллагаанд л зарцуулж байгаа юм байна. Би бол “зүүн түрүүний км гаруй замыг засахад зарцуулчих. Ядаж баярын дараа иргэдэд үлдэнэ” гээд хэлээд дийлсэнгүй. Баяр болоод өнгөрөхөд идэж, уугаад баярлаад өнгөрөх яах вэ. Хамгийн гол нь баярын дараа үлдэх юм хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх