Засгийн газар баасан гаригт хуралдаж, 2019 оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газар энэ баасан гаригт хуралдаж, 2019 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Засгийн газар аравдугаар сарын 1-нээс өмнө 2019 оны төсвийг УИХ-д өргөн барих хуулийн хугацаатай учраас ийнхүү хуралдах юм байна.

Уг нь өнгөрсөн долоо хоногт төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлийг хийж УИХ-д өргөн мэдүүлэх байсан боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж байгаа учраас Засгийн газар хуралдаагүй юм. Ерөнхий сайдын айлчлал энэ сарын 26-нд буюу лхагва гаригт дуусч эх орондоо ирэх юм. Одоогоор гишүүдээс тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын саналыг авч байгаа аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааг бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа бөгөөд ирэх жилийн төсөвт утааг бууруулах ажилд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн 2-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх буюу “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ үндэсний хөтөлбөрт 9.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, халамж, тэтгэвэрийн нэмэгдлийг ирэх оны төсөвт тусгасан байна.

Сэтгэгдэл үлдээх