Л.Оюун-Эрдэнэ: МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Эрдэнэтээс дөнгөж сая орж ирлээ. “Эрдэнэт”-ийн асуудал ордон дотор хоёр жилийн хугацаанд яригдсан ч шийдэлд хүргэлгүй гацаж байсан. Харин өнөөдөр хаана очиж гацаж байсан нь олон нийтэд туйлын ойлгомжтой харагдсан гэж бодож байна. Зоригийн хэрэг болон бондуудтай холбоотой асуудал яагаад шийдэгдэхгүй байсан нь илүү тодорхой харагдсан гэж бодож байна.

ЗГХЭГ-ын даргаар томилогдоод энэ хэргүүд яагаад урагшилдаггүй вэ гэдгийг судалж, богино хугацаанд шийдэхийг зорилоо. Төрийн цагдаа энэ хэргүүдийг шалгаж, ажлаа хийж байгаа юм байна. Харин цагдаа хэргээ шалгаад прокурор руу явуулахад тэнд очиж гацдаг юм байна. Прокурор, шүүх нь эдгээр ажлыг гацаадаг юм байна. Авлигажсан шүүхийн систем бүгдийг гацааж, өөрийг нь сонгосон бүлэглэлийн удирдлагад үйлчилж байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор 3-4 хүнийг саатуулах ажиллагаа явсан. Энэ үйл явдал нь нийгмийн өндөр анхаарал дунд байгаа учраас өмнөх технологио хэрэглэж, өвдсөн гээд суллагдах байх гэж бодож байсан. Гэтэл манай хууль хяналтынхан эдгээр хүмүүсийг нэг ч хоног хорьж чадахгүй гаргалаа шүү дээ. Өнөөдөр Нийслэлийн прокурор дээр эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах асуудлыг шийднэ. Үүнийг маш анхааралтай харьж байна.

Эндээс л прокурор, шүүхийн байгууллага хэний талд үйлчилж байгаа нь харагдана. УИХ-ын гишүүдийгээ хуулийн, шүүхийн байгууллагад яаралтай реформ хийхэл уриалж байна. Миний хувьд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй тэмцэж, энэ дэглэмийг нураах болно гэдгээ дахин мэдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ч энэ байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал бол туйлын тодорхой, мөнгө угаалт явагдсан нь баримтаар ил болсон. Ийм хууль бус зүйлийг шийдэхгүйгээр энэ улс яаж цаашаа явах юм бэ. Ийм салаа замын уулзвар дээр бид зогсч байна.

Хувь хүнээс үл хамаарч, хууль бүгдийг зохицуулдаг, эрх тэгш нийгэмд хүн бүр амьдраасай гэж хүсч байна. Үүний төлөө ч тэмцэнэ”

гэлээ.

Сэтгэгдэл үлдээх