“Мазаалай” бондын энэ төлбөрийг бүрэн барагдуулав


Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээлд 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10,875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр 132.6 сая ам.долларыг энэ сарын 6-нд төллөө.

Мөн 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр 60 сая ам.долларыг өнгөрсөн сарын 15-нд хөрөнгө оруулагчдад бүрэн төлснийг Сангийн яам мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газар нь 2019 онд УИХ-ын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжүүлж байна.

Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэжээ. Энэ дагуу Засгийн газраас 2020 онд “Номад” өрийн зохицуулалт хийж, үүгээр 2021 онд эргэн төлөх “Мазаалай”, 2022 онд эргэн төлөх “Чингис” бондын зарим хэсгийг дахин санхүүжүүлжээ. Улмаар 10,875 хувийн өндөр хүүтэй “Мазаалай” бондын тодорхой хэсгийг 5,125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар (хүүгийн төлбөрийн хамт)-ыг Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү амжилттай бүрэн төлж барагдууллаа.

Сангийн яам Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгө оруулагчдад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх мэдээллийг тогтмол хүргэдэг. Жил бүр 2-3 удаа хөрөнгө оруулагчдын уулзалтыг гадаадын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран зохион байгуулснаар хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл бэхжиж Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр сайжирч, олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж түүхэн доод түвшинд хүрээд байна.

Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагыг үнэн бодит мэдээллээр хангасны дүнд “Мүүдис” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3 сөрөг төлөвтэй байсныг B3 тогтвортой болгож сайжруулжээ.

Засгийн газраас хийж буй өрийн менежмент, мөн цаашид төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад өрийн дарамт цаашид тогтвортой буурахаар байгааг Мүүдис агентлаг дээрх шийдвэрийн хүрээнд онцолжээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар богино, дунд хугацааны макро эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо улам чамбайруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр макро эдийн засгийн цаашдын төлөвийг сайжруулан, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх замаар ирэх жилүүдэд хүлээгдэж буй гадаад үнэт цаасны эргэн төлөлтийг эдийн засаг, төсөв санхүүд дарамт багатай шийдвэрлэхэд онцгой анхаарч байна.

Сэтгэгдэл үлдээх