Мах экспортлогч ААН-үүдэд шалгалт явуулжээ

Махны үнийн ѳсѳлттэй холбоотойгоор Тагнуулийн ерөнхий газраас мах экспортлогч ААН-үүдэд шалгалт явуулсан байна. Учир нь хэд хэдэн аж ахуйн нэгж үгсэн хуйвалдаж махны үнийг зориудаар өсгөсөн байж болзошгүй мэдээлэл ирсэн тул мэдээллийг дагуу ТЕГ-аас шалгасан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр “Зөвшөөрөлгүй компаниуд, ченжүүд их хэмжээгээр мах нөөцөлсөн байж болзошгүй асуудлыг Тагнуулын ерөнхий газраас шалгасан. Зөвшөөрөл аваад ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүндрэл дарамт учруулсан зүйл байхгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар махны экспортод тодорхой хэмжээний квот тогтоох тухай асуудлыг ярьж магадгүй. Олон жил махны экспортыг нэмэгдүүлэхээр ажилласан. Энэ нь ашигтай боловч Улаанбаатарт оруулж ирэх урсгалд хүндрэл учирч байна. Тиймээс улирлын чанартай квот тогтоох буюу зургадугаар сарын дунд үе хүртэл квот тогтоох нь зөв үү, буруу юу гэдэг асуудлаар Засгийн газар хуралдаж байна” гэсэн юм. Мах үнийн асуудлаар ажлын хэсэг гарч “Хүчит шонхор”, “Эмээлт” захуудын хөдөлгөөнийг ажиглаад 5-6 хонож байгаа аж. Энэ дагуу ТЕГ-аас зарим байгууллагыг шалгаж хууль бусаар мах нөөцөлсөн эсэхийг нь тодруулсан болов уу гэж би хувьдаа ойлгосон” гэв.

Сэтгэгдэл үлдээх