“Монголын зэс корпораци” Засгийн газартай хэлцэл хийхийг хүслээ

“Монголын зэс корпораци” Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хэлцэл хийх хүсэлт хүргүүлж байгаа аж. УИХ-ын 23 дугаар тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг хэлцэл хийж төрийн өмчид авахыг Засгийн газарт даалгасан байдаг билээ. Тэгвэл уг тогтоолын хүрээнд “Монголын зэс корпораци”-аас Засгийн газарт дахин хэлцэл хийх хүсэлт хүргүүлж байгаа аж.

“Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: УИХ-ын тогтоолын дагуу хэлцэл хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Өнгөрсөн хоёр удаагийн шүүх хурлаар хэлцэл хийгээгүй гэсэн учраас 49 хувийн талын эзэмшлийг сэргээсэн. Сүүлийн үед болж байгаа үйл явцтай холбоотойгоор хэлцэл хийх хүсэлтээ дахин хүргүүлж байна. Манай компанийн зүгээс Ерөнхий сайдад уулзах хүсэлтийг өмнө нь хэд хэдэн удаа өгч байсан. Та бүхний дэмжлэгтэйгээр манай компанитай уулзана гэж бодож байна.

Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин: “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг шалгах ажил жил гаруй үргэлжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногт өгсөн байцаалт эдгээрийн нэг байсан. Би Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ 10 гаруй удаа байцаалт өгсөн. Хууль хяналтын байгууллагыг дуудсан цагт нь очиж, шаардлагатай бичиг баримтыг гаргаж, хамтарч ажиллаж байгаа. өнгөрсөн долоо хоногоос нөхцөл байдал нэлээд хурцадмал болсон.Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байгаа. Энэ ч утгаараа төрөө хүндэтгэж байгаа. Тиймээс ч Ерөнхий сайдад хүсэлт өгч байгаа.

-Хэлцэл хийнэ гэхээр төр 49 хувиа эргээд худалдаж авах хэлцэл гэж ойлгож болох уу?

-23 дугаар тогтоолоор манай компанитай хэлцэл хийх замаар “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг ярилц гэдэг үүргийг Засгийн газарт өгсөн. Үүний хүрээнд л бид хэлцэл хийе гэж бодож байна. 49 хувийг хэрхэх талаар хэлэлцэл хийнэ гэсэн үг. Төр энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаагаа албан ёсоор бидэнд хэлэх хэрэгтэй. Үйлдвэрийн үйл ажиллагаа ч цаашаа явах хэрэгтэй. Тэгэхээр ТУЗ-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой гэж үзсэн учраас хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлж байсан.

Сэтгэгдэл үлдээх