Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

Тайланд Улсын Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы хүрээнд энэ тавдугаар сарын 28-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанатай уулзаж, Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар шилжилтийн хүнд, хэцүү цаг үед АНДЭЗНК-ын зүгээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлдэгийг тэмдэглэж, аливаа асуудалд улс орнуудын эрх тэгш оролцоог хангадаг НҮБ-ын байгууллагын аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн байгаль орчин, худалдаа, тээвэр, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах, сүүлийн жилүүдэд манай улстай өрнүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ дээрх салбарын мэргэжилтнүүдийг Комиссын холбогдох хэлтсүүдэд дадлагажуулах, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана Комиссын чуулганыг амжилттай даргаж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдад баяр хүргэж, талархал илэрхийлэв. АНДЭЗНК-ын санаачилсан Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх Ерөнхий хэлэлцээрт манай улсыг нэгдэн орох асуудлыг судлахыг Комиссын зүгээс санал болгосон бөгөөд талууд энэ чиглэлээр хамтран ажиллахаар болов.

~Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов~

Комиссын дэмжлэгтэйгээр Азийн автозамын дагуу авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсаны зэрэгцээ сүүлийн жилүүдэд манай улс худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн интеграцид нэгдэх чиглэлээр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орохоор ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд манай улс АНДЭЗНК-той худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт Азийн далайд гарцгүй улс орнуудыг нэгтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Сэтгэгдэл үлдээх