Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа Хэнтий аймгийн Чингис хотоос эхлүүллээ.

Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба нар угтан, Аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх Чингисийн талбайд “Чингис” цэргийн хүрээ жагсаж, хүндэтгэн угтлаа.

Ууган дөрвөн аймгийн нэгд тооцогддог Хэнтий аймгийн хүн ам 2017 оны эцэст 76 мянга гаруй болж нэмэгдсэн бөгөөд 50.5 хувь нь эрэгтэйчүүд юм байна. Мөн тус аймгийн хөдөлмөр эрхлэлтийн газарт 800 орчим хүн ажил хайж бүртгүүлсэн байгаагийн 52.3 хувь нь 15-35 хүртэлх насны залуус гэв. Мөн Хэнтий аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүд нь 144.1 тэрбум төгрөгийн өртэй, түүнээс чанаргүй зээлийн хэмжээ нь хоёр тэрбум, 10 сая төгрөгт хүрсэн байна. Арилжааны дөрвөн банк тус аймгийн иргэдэд 50 гаруй нэр төрлийн зээлийг 5-36 хувийн хүүтэй олгож байгаа статистик гарчээ.

Түүнчлэн аймгийн хэмжээнд 2017-2018 оны өвөл 18 сумын 88 багийн 7.2 мянган малчин өрх 4.8 сая малтай, хонин толгойд шилжүүлснээр 8.2 сая толгой мал өвөлжиж байна. Мөн отроор гадны нийт зургаан аймгийн 102 өрхийн 93375 толгой мал өвөлжиж байгаа юм байна. Он гарсаар 38 хэм хүртэл хүйтэрч байгаа тул малын хэвтэр хөлдөх, хээл хаях явдал ихсэж, өнөөдрийн байдлаар 215 үхэр, 562 хонь, 641 ямаа  нийт 1478 толгой мал хорогджээ.

Эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймгийн иргэдтэй “Хан Хэнтий” чуулгын байранд уулзлаа.

Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хэнтий нутгийн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сонгуулиас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Ерөнхийлөгчийн хувиар анхныхаа уулзалтыг Хэнтий нутгийн зон олон та бүхэнтэй хийж байна. Та бүхэн санаж байгаа байх, сонгуулийнхаа анхны уулзалтыг мөн Хан Хэнтий нутагт хийж байлаа. Би энд ирэхээсээ өмнө Улаанбаатар хотын долоон дүүргийн иргэдтэй уулзсан. Ард түмний амьдрал ямар байна, төр засгаас, УИХ-аас юу хүсэж байна вэ, гэдэг талаас нь уулзаж, ярилцсан. Орон нутагт ч гэсэн адилхан иргэдээ сонсоно” гээд уулзалтыг эхлүүллээ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн иргэн Төмөртогоо

Сонгуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд ард түмэнтэйгээ амь нэг, эв нэгдлийг илэрхийлсэн Ерөнхийлөгч байгаарай гэж хүсэж байна. Иргэдийн өр, зээл дарах асуудлыг та ярьж байгаа. Нэгэн зэрэг бүх өрийг дарахад эдийн засгийн нөхцөл байдал хүнд гэдэг нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ 300 мянган төгрөгийн тэтгэвэр авагчдын дийлэнх нь өр зээлтэй байгаа. Тэр дундаа 24-36 сарын зээлтэй ахмадууд 500 мянгаас доош төгрөгийн зээлтэй байдаг юм. Хөгшид энэ зээлийг өөрсдөө тансаглах гэж биш ач, зээ нарынхаа утасны төлбөрийг төлөх гэж, үр хүүхдээ хүний дайтай орон байртай болгох гэж л авдаг.  Тиймээс та бүрэн эрхийнхээ хугацаанд 500 мянгаас доош төгрөгийн зээл авдаг ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх боломж байна уу, гэдгийг танаас хүсмээр байна.


Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн иргэн Даваа

Улаанбаатар утаатай гэж ярьж байна. Манай аймаг ч гэсэн сүүлийн үед утаатай болсон. Тиймээс анхнаас нь дэд бүтцийн асуудлыг нь шийдэж, зохион байгуулалттай байлгамаар байна. Олон тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан гэж байх юм. Энэ их мөнгөөр цэцэрлэг, сургууль барих хэрэгтэй. Манай аймаг жишээ нь, Хэрлэн голын захад байдаг учраас их хүйтэн, сургууль цэцэрлэг нь хол байна.


Хэнтий аймгийн иргэн

Тэтгэвэр, тэтгэмжийн асуудалд нухацтай хандмаар байна. Дээхэн үед тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр олигтой нэмэгдээгүй, мөнгөний ханш унасаар байна. Сая нийтэд нь 20 гаруй мянган төгрөгөөр нэмлээ. Үүнд анхаарах ёстой. Хоёрдугаарт, нефть импортлогчид монополь болжээ. Төр засагт ч дийлдэхгүй болж. Хэрвээ, шатахуун өгөхгүй байгаа бол түүнийг байлгах шаардлага байхгүй гэж бодож байна. Ард түмнээ энэрэхийг нь энэрдэг, болохгүй зүйлс дээр төр төмөр нүүрээ харуулмаар байна. Гуравдугаарт, банк гэж бас нэг монополь байгууллага байна. Хүү гэж, хүүгийн хүү гэж авдаг. Олон сарын тэтгэврийн зээл авчихаар бараг гар дээр мөнгө үлдэхгүй байна. Ажил хийе гэхээр ажилд авахгүй, тэтгэвэр бага тийм л хаягдмал улс болчихоод байна.


Сүхбаатар аймгийн иргэн

Өнгөрсөн 27 жил хөдөө аж ахуйг хөгжүүлж чадсангүй. Дэндүү дээ гэмээр юм хийсэнгүй. Хийж мэдэхгүй байна уу, эсвэл хайхрахгүй орхив уу. Малын эрүүл мэнд, үржлийн асуудлаар нэг хууль хэлэлцэх гэж таван жил боллоо. Гэсэн ч хуулийг нь мэргэжилтнүүд сайшаан хүлээж авсангүй. УИХ-ын гишүүн сонгохдоо хөдөө аж ахуй гэсэн амин салбарын мэргэжилтэй хүнийг сонгомоор байна, иргэд ээ. Нөгөө талаар энэ салбарыг шинэчлэхгүй бол малчид маань ноолуурын үеэр л хэдэн төгрөгийн орлого олно, ноос гэж бараг авахгүй, ашиг шимийг нь хүртэхгүй байна. Малын ашиг шимээ хүртэх томоохон арга хэмжээ авахгүй бол болохоо больсон байна шүү.


Булган аймгийн иргэн Б.Сүхбат

Би 30 настай. Сүүлийн 3-4 жил Солонгос явж ажил хийлээ. Ерөнхийлөгч та залуусын оролцоо бага байна гэж хэллээ. Тэд угаасаа энд байхгүй, Солонгост байгаа. Би мэргэжилгүй, дээд сургуульд сураагүй. Олигтой онц сурахгүй л бол тэнд сурах хэрэггүй гэж бодсон юм. Үе тэнгийн найзуудтайгаа уулзахад, дипломтой ч ажилгүй байна. Ялангуяа, хүний газар боолын хөдөлмөр эрхлээд явж байхад тийм хүмүүстэй олон таарах юм. Одоо АНУ-ын визтэй холбоотойгоор тийшээ явах хүмүүсийн тоо нэмэгдэж байх шиг байна. Австрали руу бас явуулна гэж байна. Тэгэхээр залуус Монголд үлдэхгүй л болох гээд байна даа. Залуусыг яаж тогтоох юм бэ. Бид гадаадад хар ажил хийж, ард байгаа олон хүнээ тэжээж байгаа ч нөгөө талдаа надад буруу санагдаад байдаг юм.


Иргэдийг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Уулзалтад идэвхтэй оролцож, өөрсдийнхөө бодож, санаж байгаа зүйлсээ ний, нуугүй ярьсан Хэнтийчүүд та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид УИХ, Засгийн газарт өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх ёстой. Сонгуульд өрсөлдөж, сонгогдохдоо амлаж, дараа нь иргэд, сонгогчидтойгоо уулздаггүй байдлыг бид засах ёстой.

Би хөдөө, орон нутгийн амьдралын талаар мэднэ. Орон нутгийн иргэдээс нэг юм сонсчихоод “өө тэгдэг юм уу” гээд байх зүйл надад байхгүй. Тиймээс яригдаж байгаа бүх асуудлыг шийдэхийн тулд энэ уулзалтуудыг хийж байгаа. Та бүхэн хотын иргэдтэй адил асуудлууд ярьж байна. Тэтгэврийн нас, ажилгүйдэл… гээд. Жишээ нь, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоод өгөөч гэж бүх хөгшид хэлж байна. Энэ асуудлыг дэмжихээс өөр аргагүй. Улаанбаатарт очоод энэ асуудлыг ярьж, хэлнэ.

Мөн хөдөө орон нутагт 3900 гаруй орон сууц ашиглалтад орсон байгаа. Эдгээр орон сууцанд багш, эмч, цагдаа зэрэг төрийн албан хаагчдыг оруулаад цалинг нь барьцаа болгоод хүүгүй зээлд оруулах асуудлыг Засгийн газарт тавьсан байгаа. Тэтгэврийн зээл, цалингийн зээлийн асуудал, өр тэглэх асуудлыг ярьсан. Энэ бол боломжгүй биш боломжтой зүйл шүү. Өнөөдөр газрын доорх баялгаа бид өдөр, шөнөгүй урд хөрш рүүгээ зөөж байна. Энэ нь хэдхэн хүний өмч болсон. Одоо Тавантолгойг зөв менежменттэй явуулах юм бол энэ ордын ашгаас иргэдийн өрийг дарах боломжтой. Ажил хэрэг болгохоор УИХ-ын гишүүн З.Нарантуягаар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл бэлтгэж байгаа. Би бизнесийн салбараас гарч ирсэн учраас амласнаа биелүүлэх гэж зорьдог. Амлалтаа мартаагүй шүү” гэв.

 

Сэтгэгдэл үлдээх