Монгол Улсын Ерөнхийлөгч өсвөрийн шатарчдад амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, шатрын их мастер Ц.Батчулуун, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт сурагч Д.Батсүрэн, хүрэл медальт сурагч Б.Тэнүүнболд нар оролцлоо.

Энэ жил өсвөрийн шатарчин хөвгүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, амжилт дүүрэн байгааг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нар танилцуулсан юм. Өнгөрсөн 9 дүгээр сарын 16-26-ны өдрүүдэд Уругвай Улсын Монтевидео хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 14 насны ангилалд Монгол Улсын тамирчин Д.Батсүрэн шалгарч алтан медаль хүртжээ.

Мөн 9 дүгээр сард Бразиль Улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 8 насны ангилалд Б.Тэнүүнболд хүрэл медалийн эзэн болсон байна. Эдгээр нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хөвгүүдийн авсан анхны алт, хүрэл медаль гэдгээрээ онцлог юм. Үүний өмнө 2014 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин мөнгөн медаль хүртэж байжээ. Ингэснээр Монгол Улсын өсвөрийн шатарчин хөвгүүд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл гэсэн цогц медальтай болж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтад оролцогчдод амжилт хүсч, Монгол Улсад шатрын спорт хөгжиж байгаа тухай болон шатарчдын амжилтын талаар ярилцлаа.

Сэтгэгдэл үлдээх