Х.Баттулга: Эмэгтэйчүүдийн хамгийн том ажлын байр бол ОЁДОЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Хан-Уул дүүрэгт очиж “Аж үйлдвэрээ аварч ажлын байраа баталгаажуулъя” сэдэвт уулзалтад оролцон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй харилцан ярилцсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Үндэсний үйлдвэрлэлээ сэргээж, дотоодын бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангахын тулд хэд хэдэн зүйлийг хийх хэрэгтэй. Нэгд, татвараа сахилга батжуулаад явъя.

Хоёрт, экспортын маш том боломжууд байгаа. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай би уулзаж ярилцсан. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно. Үүнийг тохиолдуулж АНУ-ын Конгресс монголчуудад зориулж Монголд үйлдвэрлэсэн оёмол, ноолуур, ноосон бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй оруулдаг болгооч гэсэн санал тавьсан юм. Энэ санал Конгресст маш том лобби бүлэг үүсгээд эхэлсэн байгаа.

Өнөөдөр улс төр рүү эрчүүд явлаа. Уул уурхай руу эрчүүд яваад өглөө. Эмэгтэйчүүд үлдэж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн том ажлын байр бол оёдол. АНУ Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд Монголын ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсан. Загас барих аргыг нь заасан ч бид тэгэхэд ойлгоогүй. Тэгэхэд бид ядуу байсан. Оёдлын машин худалдаж авах бядтай хүн байгаагүй. Тэгээд энэ квотыг Хятад, Хонконг руу алдсан.

Одоо манай үйлдвэрлэгчид байртай, ажилчидтай болсон. Тийм учраас би Элчин сайдад санал тавьсан. Үйлдвэр эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзахдаа энэ саналын талаар ярьсан. Маш яаралтай хуралдацгаагаад, нэгдсэн холбоотой болоод, тэргүүнээ сонгоод ороод ирвэл би баярлана.

Өнөөдөр бид урд хөрш рүүгээ алтаа түүхийгээр нь гаргаж байна. Ноолуур, арьс ширээ, зэс, нүүрсээ гаргаж байна. Өнөөдөр бидэнд боловсруулах үйлдвэр, аж үйлдвэр байхгүй учраас ийм хэмжээнд очсон. Хэрэв эдгээрт нэмүү өртөг шингээх юм бол Монголын экспортын бүтээгдэхүүний үнэ өснө.

УИХ-аар Монгол Улсын хөгжлийн бодлогуудыг баталсан. Аль ч Засгийн газар үүнийг хэрэгжүүлдэггүй. Хэнд ч хариуцлага тооцдоггүй. Үйлдвэрлэгчид маань дуугүй л байдаг. Бид Хятадаас Эрээний бараа, хүнсний ногоо авдаг. Бид хөршүүдтэйгээ харилцан ашигтай ажиллая гэдэг. Манай бүтээгдэхүүнийг та бүхэн битгий ченжүүдээрээ дамжуулж түүхийгээр нь аваач ээ гэдэг. Манайхан тэдэнтэй өрсөлдөж чадахгүй байна. Гаднаас хүүгүй мөнгө орж ирээд манай түүхий эдийг цуглуулаад байхад хүүтэй мөнгө авсан үйлвэрлэгчид яаж өрсөлдөх вэ?

Өнөөдөр та бүхний дэмжлэг байхгүй бол би УИХ-ын өмнө ганцаараа. Ардчилсан намын гишүүд тэнд цөөнх. Та бүхэн намайг байхад хамтарч ажиллаарай. Цаг хугацаа харвасан сум шиг явна. Дөрвөн жил нүд ирмэх зуур өнгөрнө. Цалин тавьж, татвар төлж байсан Ерөнхийлөгч дахиад сонгогдохгүй. Энэ боломжийг ашиглаарай. Та нарын эвлэлдэн нэгдэхийг л би хүлээж байгаа шүү” гэлээ.

Үүний дараа үйлдвэрлэгчдийн төлөөлөл асуулт асууж хариулт авав.

Асуулт: -Биднийг хүлээж авч уулзсанд баярлалаа. Бэлэн бараа бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирэхийг хориглоод зөвхөн техник, технологийг л оруулж ирэх боломж байж болох уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: -Энэ бол Засгийн газар, төрийн бодлого байх ёстой. Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг оруулж ирэхийн эсрэг бид яагаад татварын бодлого явуулж болдоггүй юм бэ? Яагаад Монголын бараа Хятад руу орохдоо 20-35 хувийн татвар төлдөг, Хятадаас наашаа оруулж ирдэг бараанд яагаад тавхан хувийн татвар төлдөг юм бэ? Ийм байж болохгүй.

Санал: -Сурагчийн дүрэмт хувцас гээд маш сайн төсөл санаачилж байгаа ч харамсалтай нь төр хамгаалж чадахгүй байна. Тиймээс урд хөршид сурагчийн дүрэмт хувцас оёулж оруулж ирж байна. Гаднаас оруулж ирж байгаа сурагчийн дүрэмт хувцас, спортын хувцас, ажлын хувцас гэсэн төрлүүдэд өндөр татвар тавьж өгөөч. Тэгж чадвал Монголд 30 мянган хүн оёдлын салбарт ажиллах боломж байна.

Асуулт: -Би оёдлын салбарт 35 жил ажиллаж байна. Үндэсний хувцас үйлдвэрлэдэг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар маш буруу шийдвэр гаргалаа. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн албаныханд зориулах гээд байгаа 55 тэрбум төгрөгөөрөө авах санал оруулах, эсвэл үүнийг болиулах хэрэгтэй. Энэ мөнгийг Аж үйлдвэрийн парк байгуулахад зарцуулбал яасан юм бэ? Оёдолчин эмэгтэйчүүдийн цалин 550 мянга байж чадахгүй байгаа. Оёдолчин хүнийг үнэ цэнэтэй болгомоор байна. Хилээр оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавимаар байна. Оруулж ирж байгаа задгай даавуу, торгоны татварыг хөнгөлмөөр байна. Бид үүнийг үйлдвэрлэж чадахгүй байна. Эх оронд үйлдвэрлэсэн даавуугаар сурагчийн дүрэмт хувцас хийе гэж байгаа. Гэвч эх оронд үйлдвэрлэсэн 1 метр ноосон даавуу 54 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүгээр яаж дээл, дүрэмт хувцас хийх вэ? Эх оронд үйлдвэрлэсэн даавууг хямдруулмаар байна. Холбоодоо нэгтгэе. Хөх зүү барьж байсан, биднийхээ зовлонг ойлгодог Ерөнхийлөгчийнхөө дэмжлэгийг бүрэн дүүрэн ашиглая.

Маргаашаас Сангийн сайдын гаргаж байгаа 55 тэрбум төгрөгийг үйлдвэрлэлд зориулахын төлөө жагссан ч бэлэн байна. Цөөн хүнтэй үйлдвэрийг НӨАТ-аас чөлөөлүүлмээр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: -Эдгээр ярьж байгаа зүйлийг шийдэхийн тулд бүх холбоод нэгдэж, эмх цэгцтэй болох ёстой. Удирдлага нь та бүхний дуу хоолой болж, татвараа төлдөг болсон тохиолдолд та нарын ярьж байгаа зүйл ажил хэрэг болно. Дээлийг НӨАТ-гүй болгосон юм чинь монгол гутлыг НӨАТ-гүй болгооч гээд ороод ирнэ шүү. Сахилга бат, замбараа хэрэгтэй.

Асуулт: -Оёдлын үйлдвэрүүд маш хүнд байгаа. 2000 оноос хойш эрчимтэй дампуурсан. Хөл дээр нь зогсооё гэвэл бага хүүтэй урт хугацааны зээл хэрэгтэй. Боловсон хүчин муу байна. МСҮТ-үүдийн сургалт муу байна. Чанаргүй бүтээгдэхүүн гаргаж байна. Ийм болохоор Орос, Герман, Хятадад үйлдвэрлэсэн хувцсыг хүмүүс чанарыг нь бодоод авч өмсдөг. Бас тэндэр авах боломж муу байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: – Зах зээл нь өргөжөөд гараад ирэхээр аяндаа энэ бүхэн засагдаад явна. Зах зээл бага, зах дээр бараагаа зарж аргацааж байгаа үед ийм л байна. Тендэр авахын тулд сахилгатай, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Татвараа төлдөг байх хэрэгтэй. Татвараараа нэгдсэн холбооны тэргүүн хүн царай алдахгүй өндөр цалинтай, авлигад автахгүй байх ёстой. Унаатай, оффистой, нарийн бичигтэй, хөнгөн шуурхай бай. Ажлаа тодорхой болго. Тэгэхгүй бол дор дороо үйлдвэртэй, тэр нь холбоотой. Тэгэхээр тендэрийг өөртөө өгөх магадлалтай.

Холбоод нэгдээд гараад ирвэл Тендэрийн хуулинд өөрчлөлт оруулъя. Худалдан авалтад өөрчлөлт оруулсан 2015 оны хуулиа сэргээе. Өнөөдөр төрийн үйлчилгээний 188 мянган албан хаагч байна. Тэд яагаад надаас эхлээд, Ерөнхий сайдаасаа эхлээд дотоодын худалдан авалт хийж болдоггүй юм бэ?

ОХУ хүнд байхдаа дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэх шийдвэр гаргаж байсан. Өнөөдөр түүхэндээ байгаагүй өндөр ургацыг ОХУ авч байна. түүхэндээ байгаагүй худалдан авалтаар ХАА-н салбар нь босч байна. Баруунаас дутахгүй бяслаг хийж байна. Баруунаас загас авахаа больсон.

Бид 3-хан саяулаа ийм үлгэр жишээ яагаад гаргаж болдоггүй юм бэ?

Шинэ Сангийн сайд өчигдөрхөн ямар алдаатай шийдвэр гаргаж УИХ-ын Байнгын хороогоор оруулсан билээ? Та нар сая ярилаа. Өнөөдөр би энэ хүнийг Сангийн сайдаар томилсон асуудалд хориг тавина” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж нэгдсэн нэг холбоонд нэгдэн сахилга, дэг журам, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулахыг дахин санууллаа. Үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Төрийн тэргүүний саналыг ажил хэрэг болгохоо илэрхийлэв.

Сэтгэгдэл үлдээх