М.Энхболд: Огцруулах үндэслэл хуулийн дагуу л байх ёстой

УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатарын талбайд болсон жагсаал болон жагсагчдын шаардлагын талаар хэвлэлийнхэнд тайлбар өглөө.

-Та жагсагчдын тавьсан шаардлагад ямар хариу өгсөн бэ?

-Сүхбаатарын талбай дээр жагсч байгаагаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын зарим гишүүн уулзах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу уулзаж, тэдний шаардлага, хүсэлтийг сонссон. Өмнөх арванхоёрдугаар сарын 27-ны өдөр болсон жагсаалын үеэр 4, 5 зүйлийг шаардлага тавьсан. Тус шаардлагын хариу болгож хоёр бүтэн, нэг хагас хуудас шаардлагын хариуг танилцуулсан. Гэхдээ тэд шаардлагын хариутай танилцахыг хүсээгүй, “энэ шаардлагын хариуг чинь хүлээж авахгүй” гэдгийг хэлсэн.

Миний хувьд УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн дагуу байх ёстой гэдэг шаардлагыг л тавьж байгаа. УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлагыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуульд нийцээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргыг огцруулах хуулийн шинэ заалт оруулахаар хууль санаачлаад хэлэлцээд явж байна. УИХ-ын Дэгийн дагуу энэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ, миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Жагсагдчын төлөөлөл танай өрөөнд тань руу дайрсан асуудал гарсан юм уу?

-Орж ирсэн хүмүүс нэлээд бухимдалтай байна лээ. Би тэднийг ойлгож байгаа. Гадаа ч иргэд, олон түмэн бухимдалтай байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Харин энэ олон тулгамдаж байгаа асуудлыг УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж, түргэн шуурхай шийдвэрлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 9 удаагийн чуулган хойшилсон байгаа. Иргэдийн бухимдаж байгаа асуудалд төр засгийн байгууллагын аль аль анхаарал хандуулж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар гишүүд анхаарч ажиллахыг хүсч байна.

Сэтгэгдэл үлдээх