Н.Алтанхуяг: Би АН-даа, ардчилалдаа хайртай

Н.Алтанхуяг,

“Капитал банкны холбоотой асуудлаар АТГ-т хандлаа. Иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орсон байгаа. Үүний эзнийг нь олох тал дээр АТГ-ыг ажиллахыг хүслээ. Тэр дундаа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг энэ асуудал дээр шалгаачээ гэсэн гомдол гаргаж байгаа юм. Гомдол гаргах болсон гурван шалтгаан бий. Нэгд, Их хурал дээр Н.Номтойбаяр гишүүн “тэтгэвэр авах иргэдийн мөнгийг янз бүрийн банкуудад байршуулж байна. Үүнээс болж эрсдэл үүсч байна” гэж хоёр, гурван жил ярьсан. Ер нь манай энэ улстөрчид АН, МАН гэх гэхгүйгээр ард иргэдийн мөнгийг хэрхэн хамгаалах биш, амин хувийнхаа эрх ашгийг хамгаалах талаар л боддог юм байна. Манай улстөрчид энэ хэргийг хав дарж байгаад сонгуулийн өмнө ил болгож баахан сонгуулийн шоу хийгээд, хоорондоо тохиролцоо хийгээд заваан юм болох юм байна. Тиймээс АТГ энэ хэргийг шалгаад 240 гаруй тэрбум төгрөгийг олж өгөх болов уу гэсэн горьдлого байна. Хоёрт, манай С.Эрдэнэ бас их худлаа ярих юм аа. “Банкинд мөнгө байршуулсан асуудал надтай холбоогүй” гэж ярьж байна. С.Эрдэнэ сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог болсон. Энэ зөвлөл нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банкуудад байршуулдаг журмыг баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэр журманд ямар банкинд хэрхэн байршуулахаа заавал С.Эрдэнээс асууж зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл энэ надад хамаагүй байхгүй гэж ярих нь дэндүү увайгүй юм. Гуравт, шударга бусын хонгил гэдэг юм бий болоод Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын авлигалтай тэмцэх, прокурорын байгууллагад тавьсан удирдлагууд сая өөрчлөгдлөө. Шинэ хүмүүсийг танихгүй мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан Ц.Элбэгдорж, М.Энхболдын тавиулууд алга болсонд би хувьдаа их баяртай байгаа. Арай нэг үнэн шударга ажиллах хүмүүс гарсан болов уу гэж горьдож байна. 240 тэрбум төгрөг маш их хэмжээний мөнгө. Энэ мөнгийг тэр дүрэм журмынхаа хүрээнд арилжааны банкинд байршуулж болно. Найдвартай банкинд байршуулах ёстой. Гэтэл олон мянган иргэний мөнгийг дампуурах гэж байгаа банкинд аваачиж хийсэн нь гэмт хэргийн шинжтэй. Гэмт хэрэгтээ зохион байгуулалттай зүйл байна. Иргэдийн мөнгийг гарзанд гаргаад харин тэр банкийг аврах оролдлого хийсэн. Хонгилийн удирдлагууд солигдсон юм чинь та бүхэн буруутныг үнэн зөвөөр нь олсон ганц үйлдэл хийгээд өгөөч гэж АТГ-т энэ хэрэгт холбогдсон, бараг зохион байгуулсан байж магадгүй С.Эрдэнийн талаар гомдол гаргаж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж мундаг байгууллага байдаг. Үндэсний зөвлөлийг зургаан жилийн хугацаатай УИХ томилдог. Зөвлөлийн дүрмийг холбогдох байнгын хороо баталдаг” гэсэн юм.

~Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн С.Эрдэнийг АТГ-т өгч буй талаараа мэдээллээ~

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таныг намын даргаар ажиллаж байх хугацаандаа намын байрыг долоон тэрбумар худалдсан үндэслэлээр намын гишүүнчлэлээсээ хасагдсан. Үнэхээр намынхаа хөрөнгийг шамшигдуулсан зүйл байгаа юу?

-Намайг гүтгэсэн гээд би цагдаад өгсөн. Цагдаа дээр хэрэг үүссэн явж байгаа. Тийм зүйл огт байхгүй. Би жижиг сажиг хулгай дээрэм хийсэн бол Ц.Элбэгдорж найман жил хаан байсан хугацаандаа намайг хэд дахин аваачиж хийгээд тамлаад хаячихна биз дээ.

-Та 2020 оны сонгуульд бие даан нэр дэвших үү, нам байгуулж оролцох уу?

-Би АН-ыг анхлан үүсгэн байгуулалцсан. Сэтгэл зүрх, амьдралаа зориулж яваа хүн. Би АН-даа, ардчилалдаа хайртай. Гэхдээ тэрнээс илүү Монголдоо, Монголынхоо ард түмэнд хайртай. Тэр сонгууль ямар ч хэрэг алга. Ийм байдалтай байвал Монгол Улс цаашаа явах уу гэдэг асуудал байна. Манай АН-ын гишүүд ч ойлгох хэрэгтэй. С.Эрдэнийн хажууд очиж, дагаж далдганаж ганц тойрог авах юм уу, Монгол Улсаа улс шиг улс болгох юм уу. Би үүний төлөө тууштай явна.

https://www.facebook.com/mnbmongoliinmedee/videos/2189663464678453/

Сэтгэгдэл үлдээх