Олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы энэ сарын 04-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж. Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг хуулийн зорилтын түвшинд авч үзэхдээ дараах асуудлыг хуулийн зорилгод тусгаж, ийнхүү хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжсөнтэй холбогдуулан хуулийн нэрийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” гэж өөрчилсөн байна. Хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага, гадаад болон дотоод хүчин зүйл, зохицуулж байгаа харилцааны агуулга, онцлогт үндэслэн хуулийн төслийг 6 бүлэг 26 зүйлтэй байхаар боловсруулсан байна.

~Олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив~

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, уг асуудлыг олон улсын шаардлагад нь нийцүүлэн батлах шаардлагатай, үүнээс үүдэн ямар нэгэн эрсдэлд орохоос сэргийлэх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хуулийн төслийн нэр томьёон дээр анхаарах, ажлын хэсгийг байгуулж ажиллах шаардлагатай гэсэн саналыг гаргасан гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл үлдээх