Оффшор бүс дэх үйл ажиллагааг өнөөдрөөр дуусгавар болгоно

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өнгөрсөн 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, данс эзэмших, хуулийн этгээд үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөхийг хуулиар хориглосон байдаг.

Үүнтэй уялдуулан өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор оффшор бүсэд 49 улс орныг багтаасан жагсаалт баталсан. Тодруулбал, Их Британи, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны 2 дугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай юм.

Иймд хуулийн дагуу аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд 49 оффшор бүс нутагт мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татах ёстой. Энэ гурван сарын хугацаа энэ сарын 4-нд буюу өнөөдөр дуусгавар болж байна.

Мөн Засгийн газрын 326 дугаар тогтоолоор баталсан оффшор бүсэд буюу Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн дотор авч, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлагатай юм байна.

Сэтгэгдэл үлдээх