ОХУ-ын өмчлөлд байсан зарим барилгыг төлбөргүйгээр шилжүүлэн авах боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээрийн үр дүн гарч байна. Тодруулбал, Засгийн газрын  хуралдаанаас ОХУ-ын өмчлөлд байсан монгол иргэдийн түрээсэлдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэх шийдвэр гаргаад байна.

Ийнхүү 1998-оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн асуудал эцэслэн шийдэгдлээ. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад 6 объектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлж авахаар боллоо.

~ОХУ-ын өмчлөлд байсан зарим барилгыг төлбөргүйгээр шилжүүлэн авах боллоо~

Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр болон хувьчлахаар боллоо. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд 20 хувь нь албан тушаалын орон сууцанд 4 хувь нь албаны гэрт 39 хувь нь хувийн хашаанд 10 хувь нь айлын байр, хашаанд амьдардаг аж. Олон жил яригдсан энэ асуудлыг шат дараатайгаар шийдэж буйн эхлэл нь энэ ажил болжээ.

Сэтгэгдэл үлдээх