Сар шинийн баярыг хориглох саналыг ҮАБЗ-д танилцуулна

Улсын онцгой байдлын комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусийн тархалт, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрээр энэ жил Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комисст танилцуулсан юм. Уг саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцээд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.

Улсын онцгой байдлын комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэж байна. Энэ шийдвэрийг холбогдох албан тушаалтан зарлиг гаргаж баталгаажуулна. Нэг үгээр, Ерөнхийлөгчийн зарлиг гарч, албажина” гэв.

Үргэлжлүүлээд ҮАБЗ хуралдах бөгөөд Улсын онцгой комисс шийдвэрээ танилцуулах юм байна.

~Сар шинийн баярыг хориглох саналыг ҮАБЗ-д танилцуулна~

Коронавирусийн 500 ширхэг оношлуур маргааш Монголд ирнэ

Манай улс коронавирусийн оношлуурыг Япон улсаас 200 ширхгийг авчээ. Маргааш нэмж 500 ширхэг оношлуур ирэх юм байна. Нийт 3000 оношлуур ДЭМБ-аас өгөх бөгөөд эхний 500 нь маргааш ирэх юм байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх, бэлтгэл байдлыг хангах зорилгоор 4.2 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдсэн байна. Үүний хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ариутгалын бодисын нэг сарын хэрэглээг хангажээ. Мөн Азийн хөгжлийн банкны 4.2 тэрбумын санхүүжилтээр шаардлагатай оношлууруудыг авч байгаа аж.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Аюул хаалга тогшсон учраас хамгийн муу нөхцөл байдлын үүднээс бэлтгэл ажлыг хангаж байна. Цэргийн төв эмнэлэгт коронавурисийн халдвар гарсан тохиолдолд иргэдээ авч эмчлэхээр Шадар сайдтай аман байдлаар ярьсан. Мөн “Асралт мед” эмнэлгийн байраа түрээсгүйгээр ашиглуулах санал тавьж байгаа. Мөн ХӨСҮТ-д 200 ор байгаа. Ингээд үзэхэд 800 орны асуудлыг шийдвэрлэх боломжтой. Мөн хотын захад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй гэж үзээд Жаргалантын аманд байдаг ОБЕГ-ын харьяа 100 ортой сувиллыг ашиглана гэж аман байдлаар ярьж байна. Энэ халдвараас урьдчилан сэргийлэх гурван арга бий. Маск зүүх, гараа угаа, халдвар гарсан газар руу зорчихгүй байх ёстой. Улсын төсөв болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр эрүүл мэндийн ажилтнуудынхаа маскийг хангаж байна. Дэлхий нийтэд маск болон хувийн хамгаалах хэрэгслийн хомсдолд орсон. Тиймээс өнөөдрийн Онцгой байдлын комиссын хурлаар маскны асуудлыг шийдье гэдэг санал гаргаж байна. Мөн би хувь хүнийхээ хувьд сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх санал гаргасан. Санал өгсөн иргэдийн 87 хувь нь сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг дэмжсэн. Хятад улсад өвчин гарахтай зэрэгцээд сар шинийн баяр болсон учраас өвчин тархах нөхцөл болсон гэдгийг Хятад улс хүлээн зөвшөөрсөн. Энэ нөхцөлд бид сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх санал гаргаж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх