С.Эрдэнэ: Эрх баригчдын зөрчил туйлдаа хүрч төрийн хямралд хүргэж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тухайн УИХ-ын гишүүний сонгогдсон тойргийн нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь эгүүлэн татах санал гаргаж, гарын үсгээр баталгаажуулбал эгүүлэн татах хууль эрх зүйн боломж бүрдэх юм байна.

Сонгогчдын гарын үсгээр баталгаажуулсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр уншиж танилцуулснаар хууль хэрэгжиж эхлэх аж. Сонгогчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санаачилга гаргасан бол уг асуудлыг заавал чуулганаар хэлэлцэж, гишүүдийн саналыг авах шаардлагагүй юм байна.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, хууль санаачлагч С.Эрдэнэ,

“Маш олон иргэн, сонгогчоос УИХ-ын гишүүдийг төрт ёсны уламжлал, ёс зүй, уламжлалаа дагаж, мөрдөхгүй, худал амлалт өгч УИХ-д сонгогддог гэх гомдлыг хэлдэг байсан. Ёс зүй болоод бусад хэм, хэмжээг зөрчсөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай хууль эрх зүйн орчин дутмаг байсан.

Эрх баригчдын зөрчил туйлдаа хүрч төрийн хямралд хүргэж байна. УИХ-ын 2016 оны сонгуульд сонгогдсон 76 гишүүний 65 нь МАН-аас сонгогдсон. Тэднээс нэг гишүүн нь хүчингийн гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үлдсэн 64 гишүүний 1/3 орчим хувь нь авлигын гэмт хэрэг буюу ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан асуудалд холбогдоод байгаа.

Монгол Улсын ерөнхий прокуророос албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д оруулсан боловч уг саналыг хүлээн авахаас татгалзаад байгаа. Энэ нь УИХ-ын гишүүн бусад гишүүддээ шударга ёсны болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх чадамжгүй болоод буйн тод жишээ.

Иймд тангаргаасаа няцсан, итгэл алдсан, хувиа хичээсэн, нийтийн эрх ашгийг умартсан УИХ-ын гишүүнд ард түмэн өөрсдөө хариуцлага хүлээлгэх буюу сонгогчид хариуцлага тооцдог болох ёстой” гэсэн юм.

Харин одоо мөрдөгдөж буй УИХ-ын тухай хуульд:

1. Гишүүн нас барсан

2. Өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг нь УИХ хүлээж авсан,

3. Хүндээр өвдсөн гэх эмнэлгийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан,

4. Үндсэн хуулийн цэцээс эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзсэн,

5. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн тогтоолоор батлагдсан гэх таван үндэслэлээр УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах хуультай. Тэгвэл дээрх таван заалт дээр нэмж иргэд сонгосон гишүүндээ хариуцлага тооцдог болох хуулийн төслийг санаачилсан нь энэ аж.

Сэтгэгдэл үлдээх