Тамгын газар хоорондын туршлага судлах семинар өндөрлөв

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын хооронд туршлага судлах семинар 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжиллээ.

Өнөөдөр (2017.11.30) туршлага судлах сүүлийн өдөр бөгөөд семинарт оролцогчид ажлаа дүгнэж, санал бодлоо хуваалцав.

Семинарт Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал Консул Габриелла Спирли, Швейцарын Холбооны Улсын парламентын техникийн хамтын ажиллагааны төслийн менежер Александре Фүзесери болон тус улсын парламентын Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцсон юм.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хэлсэн үгэндээ “Гурван хоногийн хугацаанд бид хоёр орны Тамгын газрын хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, шалгалт, үнэлгээ хэрхэн хийдэг талаарх илтгэлүүдийг сонсож, туршлагаасаа хуваалцлаа. Өнөөдөр бид өмнөх гурван өдрийн ажлын үр дүнг нэгтгэж, дүгнэн ярилцах зорилготой байна” гэлээ.

Мөн УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Швейцарын Холбооны Улсын хамтрагчид маань өөрийн орны парламентын үйл ажиллагаа, арга барил, туршлагаасаа харамгүй хуваалцсанд талархал илэрхийлье гээд хоёр орны нийгэм, эдийн засаг, хууль тогтолцооны хувьд харилцан адилгүй байдаг хэдий ч хуулийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх ажилд ижил төстэй зүйл их байна. Энэ чиглэлээр ажлын аргачлал, туршлага судлах, харилцан мэдээлэл солилцож, харилцаагаа гүнзгийрүүлэх саналтай байна. Мөн Швейцарын Холбооны Улсын парламентын Хяналт, үнэлгээний ажлын албанаас үйл ажиллагаандаа ашиглаж буй үнэлгээний программ, гарын авлага, техник технологийн туршлагаас хуваалцаж, дэмжиж ажиллахыг хүслээ.

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх П.Амаржаргал, Ц.Норовдондог нар сэтгэгдлээ хэлж, талархал илэрхийлэв. Ноён Александре Фүзесери “Семинар амжилттай зохион байгуулагдсанд баяртай байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өндөр зохион байгуулалттай ажилладаг юм байна. Монгол Улсын парламентын үйл ажиллагааг тууштай сайжруулах хүсэл зорилготой байгааг манай хамт олон үнэлж байгаа. Цаашид хоёр орны парламентын Тамгын газар урт хугацааны хамтын ажиллагааны бодлого тогтоох нь чухал байна” хэмээн онцлон хэллээ.

Сэтгэгдэл үлдээх