ТАНИЛЦ: Хотын даргын ажлын амлалт ба үүрэг даалгаврууд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан билээ. Тэрээр үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш дараах амлалт, үүрэг даалгаврыг өгсөн байна.

Амлалт: Иргэдтэй шууд холбогддог утсыг ажлуулна

Ингэхдээ тэрээр “Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоотой, бодлогын нэгдсэн шийдэлтэй, гүйцэтгэл өндөр байх ёстой. Үүнд НИТХ болон Засаг дарга, ЗДТГ-аас гарсан бүх шийдвэр дүүрэг, хороонд ижил төвшинд үйлчилдэг байх нь чухал. Тодорхой шийдвэр гарсаар байхад түүнийг хэрэгжүүлдэггүй, дур мэдэн шийдвэрийг өөрчилдөг байдлыг таслан зогсоох ёстой. Батлагдсан орон тоог хэтрүүлдэг, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан шаардлагагүй орон тоог баталж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг. Энэ мэтчилэн эзэнгүй айлын дураараа хүүхэд шиг аашилдаг газрууд олон бий. Үүнийг нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нартай хамтран шийдвэрлэх болно. Мөн иргэдэд чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэдэг байх асуудлыг эрчимжүүлнэ. Ингэхийн тулд иргэдтэй шууд холбогддог байх утсыг хотын даргын хувьд би өөрөө ажиллуулах болно. Эцэст нь хэлэхэд улс төрийн ойлголцол, ажил хэргийн эв нэгдэл гэх шалтгаанаар бурууг хаацайлж, элдэв үг болон үйлдлээр ажил цалгардуулах асуудлыг хүлээн авахгүй. Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал, асуудалд хайхрамж алдвал миний явсан суусан газар бүрт шууд сануулж хэлээрэй. Миний ажил, хувийн ажил гэхээс илүүтэй та бидний хамтын ажил. Нийслэлчүүдийн ажил амьдрал, хувь заяатай шууд холбоотой учир асуудалд туйлшралгүй хандаж ажил цалгардуулалгүй хамтран ажиллана” хэмээн амлаж байсан юм.

Үүрэг: Агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажилла

Харин тэрээр Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаа авсны дараа нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны үеэр нийслэлийн агентлагийн дарга нарт хандан “агаарын бохирдлын эсрэг төрийн албан хаагч бүр анхаарч ажилла” гэсэн үүрэг даалгаварыг энэ сарын 11-нд өгсөн. Тухайлбал, “та бүхэн өөр өөрсдийн хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаарай. Нийслэл есөн дүүрэгтэй, цаашид нийслэлийн төвийн зургаан дүүрэг гэж ярихаа болих хэрэгтэй. Нийслэлийн иргэд тэгш эрхтэй, тиймээс оруулж ирж байгаа асуудлаа есөн дүүргийн хэмжээнд судалж, ярих нь зүйтэй. Утааны асуудал бол нийслэлийн иргэдийн хувьд тулгамдсан асуудлын нэг. Тиймээс төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс ажил хариуцаж байгаа хэн бүхэн, төрийн албан хаагч бүр агаарын бохирдлын эсрэг анхаарч ажиллах ёстой. Мөн албан тушаалтан бүр хотын соёлыг түгээх асуудлыг ажил үүргийнхээ нэг хэсэг гэж ойлгож ажиллаарай. Хотод ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа атлаа гал түлж, утаа гарган агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж байгаа хоолны газар, амралт зугаалга, сувиллын газрууд, дэлгүүр хоршоо, дугуй засвар, барилгын манаач зэрэг газруудын нийт 5406 янданг буулгаж, өөр эх үүсвэрээр халаалтыг нь шийдвэрлүүл. Нам даралтын зуухны асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэхдээ үүнийг мушгин гуйвуулж хотын захиргаанаас бүх янданг буулгах гэж байна гэж ойлгож болохгүй. дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор холбогдох газруудад мэдэгдлээ хүргүүл, шаардлагаа тавь. Үүнд дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, НМХГ, Цагдаагийн байгууллага анхаарч ажилла. Горхи-Тэрэлжийн амралт зугаалын газраас бусад хотын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа амралт сувиллын газрууд гал түлэхгүй байх нөхцлийг бүрдүүл. Ашиг олохоор үйл ажиллагаа явуулж байгаа бол нүүрс түлж хорт утаа гаргахгүй байх, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах нь чухал. Хотын захиргааны зүгээс халаалтын асуудлыг нь нэгдсэн журмаар шийдвэрлэх үүрэг чиглэл өгөхгүй тул элдэв байдлаар хардах шаардлагагүй. Байгууллага бүр өөрсдөө гал түлэхгүйгээр халаалтын асуудлаа шийдэх олон боломжийг эрэлхийлэн ажиллах ёстой. Сайн дураараа нам даралтын зуухаа буулгаж, агаарын бохирдлын эсрэг ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хотын нэг хувийн татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх ямар боломж байгааг холбогдох газрууд судалж танилцуул. 14 хоног тутамд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх танилцуулгаа нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж бай” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн байдаг.

~Улаанбаатар хотын даргын амлалт ба үүрэг даалгаврууд~

Үүрэг: Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажлыг шийдвэрлэ

Гуравдугаар сарын 14-нд баянзүрх дүүрэг дэх сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажилтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон байдаг.

Тухайлбал, “Нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь ирж танилцаж байна. Яаралтай шийдвэрлэх асуудлууд олон бий. Барилгын ажил авсан комданиуд нь гэрээт хугацаандаа ажлаа дуусгаагүй, чанаргүй барих, хөрөнгө мөнгө нэмэлтээр шаардан, шалтаг шалтгаан ярьж байна. Гэрээт хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй байгаа компаниудын гэрээг цуцлах шаардлагатай байна. Ингэж байж бид аль аль талдаа хариуцлагатай, үр дүнтэй ажлаа эрчимтэй явуулж, хүүхэд багачууудын сурах орчин, нөхцлийг сайжруулах боломжийг бүрдүүлэхгүй бол болохгүй.

Барилгын ажил авчихаад гэрээт хугацаандаа ажлаа дуусгаагүй 4-5 жил болж байгаа “Рич голден буллс эдукэшн” компанийн концессын эрхийг холбогдох байгууллагуудад нь уламжилж, цуцлуулах, газрын эрхийг цуцалж, бусад эх үүсвэрүүдээс санхүүжүүлж сургууль, цэцэрлэгийн ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй” гэсэн.

Үүрэг: Худалдан авах ажиллагааг олон нийтэд нээлттэй хэрэгжүүлэ

Мөн Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зарим асуудалд тодруулга авч, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгсөн.

Тухайлбал, нэгт, Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлтэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах худалдан авах ажиллагааны журам, төлөвлөгөө холбогдох хууль, журмын хүрээнд боловсруулаад, ямар зарчмаар зохион байгуулах ажлаа танилцуулахыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгосон.

Хоёрт, Барилгын ажлын талбай, хашааны стандартыг шинээр тогтоох, барилгын материал зөөж тээвэрлэх, зорчих зэрэг асуудлуудыг зохицуулсан журмын төслөө танилцуулах, Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон.

Гуравт, Нийслэлийн Дотоод аудитын газарт нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд аудит хийх, хийсэн тухай дүгнэлт, гарсан зөрчил дутагдлыг арилгуулсан талаар танилцуулга бэлтгэж танилцуулах даалгавар өгөв. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг чанар, өнгө үзэмжтэй байх тал дээр анхаарч нэг стандартай байлгах талд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Дөрөвт, “Төсвийн тухай хуулийн дагуу 2019 онд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг байгуулах бэлтгэх хангах, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, Санхүү, төрийн сангийн хэлтэст 2019 оны гуравугаар сарын 18-ны дотор хянуулж дуусгах, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах, Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байдаг.

Үүрэг: Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно

Харин өчигдөр буюу гуравдугаар сарын 28-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан болж, нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явц, нийслэлийн төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцсэн.

Энэ үеэр “Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Тухайлбал, автобусны картаа цэнэглэчихээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно гэж ярьснаас гадна Нийтийн тээврийн үйлчилгээг энэ жилд багтаан дорвитой шинэчлэнэ. Нийтэд үйлчлэх гэж байгаа бол аюулгүй ажиллагаа, парк шинэчлэлдээ автобус компаниуд өөрсдөө анхаарч ажиллах ёстой. Ашиг орлогогүй ажиллаж байгаа нэрээр нийслэлийн төсвөөс мөнгөө аваад, эргээд хариуцлага хүлээдэггүй байдлыг өөрчлөх зарчмын байр суурь барьж ажиллана. Мөн Нийтийн тээврийн газрыг үйлчилгээндээ анхаардаг үйлчилгээний байгууллага болгоно. Үүнийг нэрнээс эхэлье. Нэр нь хүртэл ажил үүргийн нь сануулдаг болгоё гэдэг үүднээс Нийтийн тээврийн үйлчилгээний газар гэж өөрчилж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх