Төрийн үйлчилгээг цахимаар авах олон боломжууд нээгдлээ

Иргэн Та үйлчилгээ авах гэж төрийн байгууллагууд руу заавал биечлэн очихоос илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар олон хувилбараар авах боломжтой болжээ.

Тухайлбал, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” лавлагаа, мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болохоос гадна дээрх тусгай дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

~Төрийн үйлчилгээг цахимаар авах олон боломжууд нээгдлээ~

Үүнээс гадна “Check my service” гар утасны аппликэйшныг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлтийнхээ холбогдох зураг, баримт материалыг хавсарган хэзээ ч, хаанаас ч илгээн богино хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой. Гаргасан өргөдөл, гомдлыг зохих ёсны байгууллагууд шийдвэрлэсний дараа тухай иргэнд утасны дугаараар нь холбогдож хариуг өгөх юм.

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн үйлчилгээг ухаалаг утасны “Smartcar” аппликейшн болон Татварын ерөнхий газрын https://e-tax.mta.mn/, https://itax.mta.mn/ цахим хуудас ашиглан авч болно.

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар нийслэлийн 7 байгууллагын 51 үйлчилгээг цахим хэлбэрээр авч болохоос гадна өргөдөл гомдол гаргах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, санал хүсэлт өгөхөд үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багатай зэрэг олон давуу талтай.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх