Төсвийн байнгын хороо: УИХ-ын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв

УИХ-ын 2019 оны төсвийн төслийн талаар УИХ-ын даргын зөвлөлтэй зөвшилцөж, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүллээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон төсвийн төслийн талаархи танилцуулгадаа, Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа, УИХ-ын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд төсөв хүрэлцэхүйц байх, УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангасан байх,

Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын даргын зөвлөлөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хорооны төсвийн төслийг 2018 оны түвшинд тооцох, ингэхдээ Байнгын хороодод адил хэмжээтэй төсөв байх, хөрөнгө оруулалтаар 2019 онд авах шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг нэр, төрөл, тоо хэмжээ бүрээр гаргаж, шаардагдах төсвийг тооцох зарчмыг баримтласан гэдгийг онцлов.

УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд, Байнгын, Дэд, Түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд шаардагдах УИХ-ын 2019 оны төсвийн төслийг нийт дүнгээр 43514,0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 37758,0 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийг төслийг 3071.1 сая төгрөг, гаддын орны санхүүжилтээр хэрэгжүүлэх төсвийн төслийг 2684.9 сая төгрөг байгаа болно.

~Төсвийн байнгын хороо: УИХ-ын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв~

УИХ-ын 2019 оны төсвийн төслийг зардлын ангилалаар авч үзвэл цалин, нийгмийн даатгалын шимтгэл 26,9 хувь, УИХ-ын гишүүний тойрогт ажиллах болон хууль боловсруулах, сурталчилах үйл ажиллагааны зардал 56,3 хувь, гадаад, дотоод томилолт, зочны зардал 7,7 хувь, тээвэр шатахуун, шуудан холбоо, бичиг хэрэг, ном хэвлэлийн зардал

4,2 хувь, мэдээлэл сурталчилгаа, сургалт семинарын зардал 2,4 хувь, хуулийн дагуу ажилтнуудад олгох дэмжлэг, /орон сууцны дэмжлэг, өндөр насны тэтгэвэрт гарч төрийн албанаас чөлөөлөгдөх хүмүүст олгох тэтгэмж, ахмадын санд зарцуулах төсөв, эмчилгээний нөхөн олговор, нэг удаагийн тэтгэмж…/ олон улсын гишүүний татвар зэрэг бусад үйл ажиллагааны зардал 2,4 хувь нь эзэлж байна.

Харин УИХ-ын 2019 оны төсвийн төслийг төсвийн нэгжээр авч үзвэл Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагааны төсөв 64,7 хувь, байнгын хороодын төсөв 1,0 хувь, намын бүлгүүдийн төсөв 2,3 хувь, Тамгын газрын төсөв 10,9 хувь, УИХ-ын нийтлэг үйл ажиллагааны төсөв 13,6 хувь, УИХ-ын даргын ажлын албаны төсөв 0,7 хувь, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсөв 0,6 хувь, төлөөлөлийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн нэгжийн төсөв 6,4 хувийг эзэлж байна гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан асуулт асууж, санал хэлсний дараа Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх