УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн хүрээнд онцгой анхаарч ажиллана гэв

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихын урилгаар Москва хотноо 2019 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Тээврийн долоо хоног-2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын тээврийн сайд Е.И.Дитрихтэй 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Тээврийн яаманд албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ дахь Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон бусад албаны хүмүүс оролцов. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хугацаанд ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил, хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээт асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

~УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн хүрээнд онцгой анхаарч ажиллана гэв~

Тухайлбал, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, “УБТЗ” ХНН-ийн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т тусгагдсан шинэчлэл, хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид үе шаттай хэрэгжүүлэд онцгой анхаарч ажиллахаар талууд тохиролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Тээврийн долоо хоног 2019” чуулга уулзалтын “Тээвэр – Евразийн интеграцчлалын үндэс” сэдэв дор болох нэгдсэн хуралдаанд илтгэгчээр оролцож, олон улсын тээврийн салбарын компаниудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцана.

Сэтгэгдэл үлдээх