УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгнө

УИХ-ын чуулганы 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр гишүүд ирц, саналаа хурууны хээгээр өгдөг байх заалт оруулсан билээ. Тодруулбал, Дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Санал хураалт явуулах ерөнхий журамаар:

9.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

9.2.Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулна. /Энэ хэсэгт “Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана.” гэсэн 2 дахь өгүүлбэр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж тус тус заасан.

Энэ хуулийн гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгөх заалт хуулинд заасны дагуу хаврын чуулганаар хэрэгжиж эхлэх юм.

Харин гишүүдийн хурууны хээгээр саналаа өгөх төхөөрөмжийг УИХ-ын Тамгын газраас бэлэн болгож, чуулганы танхимд байршуулсан байна. Гишүүд хурууны хээгээр саналаа өгснөөр бусдын өмнөөс кноп дардаг хууль бус үзэгдэл арилна гэж үзэж байгаа юм.

Ийнхүү М.Энхболдыг УИХ-ын дарга байх үед батлагдсан хуулийн заалт хэрэгжиж эхлэх нь.

Сэтгэгдэл үлдээх