УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрх хэвээр үлдлээ

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хүлээн авахаас татгалзлаа.

~УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрх хэвээр үлдлээ~

Б.Ундармаа гишүүний хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг АТГ шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал тогтоосон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлсэн. Уг асуудлыг өнгөрсөн шөнө буюу 02.12 цагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед АН-ын бүлэг түр завсарлага авсан бөгөөд тэрхүү хугацаа нь өнөөдөр 10.00 цагт дууссан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, Б.Энх-Амгалан гишүүн Б.Ундармаа гишүүнээс мөрдөн байцаалтад саад учруулах, нөлөөлөх үйлдэл гаргасан эсэхийг тодруулав. “АТГ-аас намайг нэг удаа дуудаж байцаалт авсан. Мөрдөн байцаалтад нөлөөлөх оролдлого хийгээгүй” хэмээн Б.Ундармаа гишүүн хариулав.

Харин М.Билэгт гишүүн, “Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхийлөгчийн боловсруулсан УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэж байгаа нь улс төрийн зорилготой мэт харагдаж байна” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй сар гаруй болсон бөгөөд энэ үед бүрэн эрх түдгэлзүүлэх асуудал өргөн барих нь үр дүнгүй хэмээн үзсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тайлбарлав. Тэрбээр, “Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа, МАН-ын бүлгийн дарга чуулганы ирц бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа хэвлэл мэдээллээр зарласан. Тиймээс чуулганы хуралдаан тогтмол хуралдана хэмээн үзэж, саналаа хүргүүлсэн юм” хэмээв.

Мөн Х.Нямбаатар гишүүн, “ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэрэг гурван сар гаруйн хугацаанд нийгмийн анхаарлын төвд байгаа. Тиймээс энэ сангаас зээл авсан УИХ-ын бусад гишүүнээс эхлээд төрийн бүх өндөр албан тушаалтны асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн нийгэмд дуулиан тарьсан бусад авлига, албан тушаалын хэргийг ч цаг алдалгүй шийдвэрлэхэд Улсын ерөнхий прокурор анхаарч ажиллах нь чухал” хэмээв.

Сэтгэгдэл үлдээх