УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Таван толгой түлш” компанитай танилцав

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр ажиллаж, түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа. Тэрбээр, УИХ-ын даргын 2017 оны захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн гишүүн юм. Мөн нийслэл хотын хамгийн их агаарын бохирдолтой Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй сайжруулсан түлшний чанар, хүртээмж, хэрэглээний талаар ярилцаж, санал солилцсон байна. Иргэдийн дийлэнх нь сайжруулсан түлш зөв шийдэл болсныг хэлжээ.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон талаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол батлагдсан билээ.

Дээрх тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгой ордын Ухаа худгийн уурхайгаас Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн түүхий эд болох эрчим хүчний баяжуулсан нүүрс медлингийн тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар захирамжаар байгуулсан.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг эзэлж байгаа гэр хорооллын 220 мянга гаруй айл өрхүүд жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд үүнийг сайжруулсан шахмал түлшээр хангахад жилдээ 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах тооцооллыг гаргаад байгаа юм.

~УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Таван толгой түлш” компанитай танилцав~

Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150.000 төгрөг байгаа юм. Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийг Сонгинохайрхан дүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, 9 хувийг Сүхбаатар дүүрэг, 6 хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 5 нь 9 дүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалт хийдэг байна. Өнгөрөгч 09 дүгээр сараас эхлэн түлшийг картаар олгож эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн мэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш олгох 206251 карт тараажээ. Үүнээс 13.247 картыг бүртгэлжүүлж, 74.104 карт бүртгэлгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хамгийн олон жил ярьж, гарц шийдлийг олох гэж ажилласан гишүүдийн нэг нь би. Энэ удаагийн парламентаас чамгүй ажиллаж, холбогдох ажлын хэсгүүдийг байгуулж, судалгаа хийж ажилласны дүнд Засгийн газарт түлшний үйлдвэрийг сайжруулах чиглэл өгсөн. Эхнээсээ үр дүн гарч байгаад баяртай байна. Үйлдвэрийнхэн сайн ажиллаж байна. Цаашдаа түлшээ улам сайжруулах талаар бодох хэрэгтэй. Таван толгой түлш ХХК-ийн зөвлөхүүд, эрдэмтэд нийлээд ХБНГУ-ын туршлагаас судлаад ирсэн талаараа надад хэллээ. Бидэнд боломж байна. Агаарын бохирдлыг бууруулах дунд, богино хугацааны шийдэл бол яах аргагүй түлш учраас Европ стандартыг нэвтрүүлээд жижиг үйлдвэрүүдийг байгуулаад ирвэл нүүрстэй газар бүрт, аймаг бүрт сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой юм байна. Урт хугацаандаа дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл үлдээх