УИХ-ын гишүүн Н.Учрал: Татварыг хууль бусаар зарцуулж буйг зогсоох эрх зүйн орчныг УИХ бүрдүүллээ

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Төсвийн захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийг зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэхээр тусгасан Төсвийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор дээрх тогтоолын төслийг боловсруулсан байна.

Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгажээ.

Мөн урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар төсөлд тусгасан байна. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хэлэлцэж буй тогтоолын төсөл нь Монгол Улсад тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх зорилготой гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал тэмдэглэн хэлсэн. “Энэ хууль бүх шатанд, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын түвшинд ч хэрэгжих ёстой.

~ Татварыг хууль бусаар зарцуулж буйг зогсоох эрх зүйн орчныг УИХ бүрдүүллээ~

Засгийн газар болон шат шатны байгууллагууд төсвийг боловсруулахдаа төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгаа дээшлүүлэхдээ төсвийн эрх захирагчдын төсвийн зарцуулалтын хяналтыг сайжруулахад, мөн татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй, дураараа зарцуулж байгааг таслан зогсоох эрх зүйн орчныг УИХ өнөөдөр бүрдүүллээ. Одоо хуулийг хэрэгжүүлэх ажил үлдэж байна.

Ирэх оны төсвийг боловсруулж, батлахад норм, нормативтай, зураг төсөлтэй, хөрөнгө оруулалтууд нь бүгд стандарттай, орон тоог хүртэл тодорхой хэм хэмжээнд нийцүүлдэг байдал руу шилжих нь зүйтэй. Энэ төрлийн баримт бичгүүдээ дагаж, мөрдөж ажиллах юм бол өнөөдөр хүлээгдээд байгаа хөрөнгө оруулалтын олон ажил ургашлах бололцоо бүрдэж байна” хэмээсэн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэлцэж буй төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах нь чухал. Норм, норматив, стандартын баримт бичгийг боловсруулж, батлаад орхиж болохгүй. Салбар, салбараар анхаарч ажиллах нь зүйтэй. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжид иргэд, олон нийт сэтгэл ханамжгүй байдаг.

Монгол Улс 330 сумтай. 1000 хүрэхгүй хүн амтай сумын эмнэлэг, сургууль, дотуур байр нь 6000 хүн амтай сумынхаас өөр гэдгийг бүх талдаа тооцдог байх нь зөв. Цаашдаа төсвийн төслийг боловсруулахдаа тухайн орон нутгийн хүн амын тоо, нийслэлээс алслагдсан зай гэх зэргийг харгалзсан норм, нормативыг мөрддөг байх шаардлага бий” гэлээ.

Мөн тэрбээр шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн урсгал зардлын асуудал 2022 оноос хойших улсын төсөвт нэлээд ачаалал үүсгэх магадлалтайг тэмдэглээд 2019, 2020 оноос үүнийг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх шаардлагатайг санууллаа.

Бүхнийг төр зохицуулж, төсвөөс санхүүжүүлэх гэсээр эцэстээ санхүүжүүлж чадахгүй, ажилтнуудынх нь цалин, хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх нь зүйтгэй гэдгийг хэлсэн юм. Өнөөгийн энэ нөхцөл байдал, хойшдын үр дагаварыг цогцоор нь тооцсон төсвийн зарлагын бодлого, төсвийн урсгал зарлагын реформыг цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлага бий гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ.

Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул бүхэлд нь батлах санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь уг саналыг дэмжсэн тул УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь дэмжснээр “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдав.

Сэтгэгдэл үлдээх