УИХ-ын гишүүн ​С.Эрдэнэ цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өчигдөр /2019-01-21/ Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс тайлбар мэдүүлэг авсан байна.

Цагдаагийн алба хаагч УИХ-ын гишүүн С.Эрдэнийн Төрийн ордон дахь ажлын өрөөнд, нэг цаг гаруйн хугацаанд тайлбар мэдүүлэг авсан гэсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.

-Таны охин Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор таныг мэдүүлэг өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Намайг гүтгэсэн асуудлаар би гомдол гаргасан. Миний гаргасан гомдлын дагуу цагдаагийн ажилтнууд надаас ирж тайлбар авсан. Надад хөгжлийн банктай холбоотой ямар ч асуудал байхгүй. Ер нь сүүлийн үед сошиал орчинд Эрдэнийн охин Содгэрэл Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авсан мэдээлэл маш их явуулсан. Бараг хүүгүй шахуу зээл авчихсан юм шиг. Хөгжлийн банкнаас тодорхойлолт авсан. Нэгт, Хөгжлийн банк хувь хүнд зээл өгдөггүй, хоёрт, танай охин дээр нэг ч төгрөгийн зээл гараагүй гэсэн тодорхойлолт авсан.

-Таны охин ямар нэгэн бизнес эрхэлдэг үү?

-Манай охиныг ямар нэгэн аж ахуй, хөрөнгө мөнгөтэй байсан гэж гүтгээд байгаа. Үл хөдлөх хөрөнгийг газраас ирсэн бүртгэл дээр Содгэрэлийн нэр дээр ямар нэгэн аж ахуй нэгж, хөрөнгө мөнгө байхгүй байна гэсэн тодорхойлолт ирсэн. Өнөөдөр ийм ор үндэсгүйгээр хүнийг гүтгэж, улстөржүүлж байгаад харамсаж байна. Намайг юу гэж хэлнэ үү, юу гэж гүтгэнэ үү хамаа алга. Гэтэл зүгээр гэмгүй ажлаа хийгээд явж байгаа миний хүүхдүүдээр оролдоод байгаа нь өнөөдөр улс төр ямар бохир болсны л нэг илрэл.

эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл үлдээх