УИХ-ын даргыг огцруулах саналтай гишүүдийн байр суурь..

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжлээ. Хурлын үеэр үг хэлсэн зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “МАН шийдвэр гаргахгүй бол хувьсгал хийхээс өөр аргагүй. Намыг татан буулгах уу, эвсэл төрийн эргэлт хийдэг юм уу. Хоёр фракцын зодоон хосгүй шударга тэмцэл болоод байна”

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “МАН-ынхан бие биенийхээ дээр гарахын төлөөх дайралтдаа бүгд вакумлагдсан. Ийм дээрээ тулсан юм чинь бүгдээрээ таръя. Энэ төрөөс бүгдээрээ явбал яасан юм бэ. Монголын төрийн дархлаа руу ингэж дайрч байхаар. УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах нь зөв. Энэ хуулийн төсөл батлагдах байх. Батлах дээрээ тулбал УИХ-ын даргыг гуравны хоёроор огрцуулдаг болгох хэрэгтэй. Хууль батлагдлаа гэхэд манай парламентын дархлаа сайжрах уу, муудах уу. Зургаан сар тутам УИХ-ын даргыг огцруулаад байдаг жишиг рүү орох эрсдэл гарах вий. Парламентыг өөрийг нь тогтворгүй байдал руу аваачих вий”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль түр зуурын өвчин намдаах эм. Системийн жижигхэн гажуудлыг засах гэж оролдож байгаа нэг л арга юм. Төрийн гацаа энэ жил үүссэн юм биш. 28 жилийн эмх замбараагүй байдлаас, хулгай, худал хуурмагаас болж төр гацсан байна. УИХ тараад, тараахаасаа өмнө гол гол хуулиа өөрчлөөд чаддаг хүмүүст халаагаа өгөх цаг болсон. Төрд шургалсан хүмүүс том том хулгай хийгээд байгаа болохоор Монголын төр гацаад байна. “Эрдэнэт, Цагаан суварга, Асгатын ордыг хулгайлсан хүмүүс энд сууж байгаа болохоор Монголын төр гацаад байна”

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Хууль зөрчиж хашгирсан нь хождог. тангарагтаа үнэнч байгаад хууль дээдлээд хуралдаа суусан нь буруутдаг юм бол энэ Монгол Улс хаашаа яваад байгаа юм. хэрвээ Монголын парламентыг авч үлдье гэж байгаа бол УИХ тарах ёстой. Ард түмэнд дараагийн дархлааг нь үлдээхийн тулд 76 уулаа тараад, ээлжит бус сонгуулиа зарлах ёстой. Монголын төрөөр ингэж тоглож болохгүй. Ерөнхийлөгч ингэж хөндлөн орж ирэх ёсгүй.

УИХ-ын дарга М.Энхболд: Сүүлийн үед над руу дайрах, давшлах, гүжирдэх явдал хэр хэмжээнээс хэтэрлээ. Сүүлдээ гэр бүл, үр хүүхэд рүү ч дайрч давшиж байна. Идүүлсэн бут ургадаг гэдэг. Гэсэн хэдий ч төрийн ажил бол хуулийн дагуу явагдах ёстой. УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж гарын үсэг зурсан. Уг шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгч дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтээр УИХ-ын даргыг огцруулах хуулийн дагуух таван үндэслэлд нийцэхгүй байна гэж гарсан. Хуулийн дагуух шаардлага биш болохоор өнөөдөр Ерөнхийлөгч ийм хууль өргөн барьж байна гэж ойлгож байгаа.

Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах ёстой гэж үздэг. Гэтэл сүүлийн үед нэг л хүн удирдаад атгаад байгаа мэтээр ярьж байна. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэн нэгнээс хараат байх ёстой гэж боддог, тэр зарчмаар ч ажилладаг.

Ямар нэг хуулийн байгууллагын даргыг томилсон, нөлөөлсөн зүйл надад байхгүй. Газар зарсан асуудал бас ярьж байна. Цагдаа, тагнуулаар шалгуулах хэрэгтэй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд би ажлаа хийсэн.

Сэтгэгдэл үлдээх