УИХ-ын даргын ивээлд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн найм дахь удаагаа орон даяар энэ сарын 23-нд эхлэх тухай УИХ-ын Тамгын газраас өнөөдөр мэдээлэв.

Энэхүү тэмцээнийг Монгол Улсад хамгийн өргөн хүрээнд буюу 333 сум, есөн дүүргийг хамруулан зохион байгуулдаг. Тэмцээн жил бүр хүрээгээ тэлж, гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд оролцдог болсноос гадна энэ жилээс манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцох хүсэлтээ ирүүлжээ. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангиллын аваргуудад шатрын спортын дэд мастерийн зэрэг цол олгохоос гадна Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бүх зардлыг нь дааж оролцуулдаг уламжлал тогтсон юм.

~УИХ-ын даргын ивээлд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно~

Тэмцээн гурван үе шаттай болох юм. Тодруулбал, Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар энэ сарын 23-24-нд, харин аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дугаар сарын 14-15-нд тухайн орон нутагт нь зохион байгуулна. Шигшээ тэмцээн буюу улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 11-12-нд Төрийн ордонд болно. Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй шатар сонирхогчид оролцох боломжтой юм байна.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан хэлэхдээ, “Өнгөрсөн жил улсын хэмжээнд 6600 гаруй шатар сонирхогчид оролцсон. Энэ жил оролцогчдын тоо нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна. УИХ-ын даргын ивээл дор УИХ-ын Тамгын газраас энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг нь шатрын спортыг орон даяар жигд хөгжүүлэх, иргэдийг идэвхтэй оролцуулах гол зорилготой. Энэ зорилго жилээс жилд биелэгдэж, сүүлийн гурван жилд оролцогчдын тоо нэмэгдэн, цар хүрээ нь улам өргөжиж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх